Стив Жобс: Чи юуг хайрладаг тэр зүйлээ л олох хэрэгтэй

Өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын нэгийг төгсч байгаа та нартай цуг байгаадаа би маш их баяртай байна. Би өөрөө хэзээ ч их сургууль коллеж төгсч байгаагүй. Үнэндээ бол төгсөлтийн баярт хамгийн ойрхон ирсэн тохиолдол маань энэ л байх. Ийнхүү та бүхэнд гурван түүхийг үгүүлюү гэж бодлоо. Энэ бол тийм ч сүртэй юм биш, зүгээр л гуравхан түүх.
Эхнийх нь цэгүүдийг холбох буюу юмны учир начрыг ойлгох.Би Рийд коллежд элсээд 6 сарын дараа сургуулиа хаясан юм. Гэхдээ бас бүр мөсөн хаятлаа дахин 18 сар орчим сургуульдаа ирж зарим нэг хичээлд суудаг байв. Би яагаад сургуулиа хаясан бэ?
Энэ бүр намайг төрөхөөс л өмнө эхэлсэн. Миний төрүүлсэн эх минь намайг төрүүлэх үедээ залуухан, гэрлээгүй, их сургуулийн оюутан байсан бөгөөд намайг хүнд өргүүлэхээр шийдсэн байсан юм. Намайг өргөж авах хүмүүс заавал дээд боловсролтой, их сургууль төгссөн хүмүүс байх ёстой гэсэн шаардлагыг тавьсны улмаас нэгэн өмгөөлөгч, түүний эхнэр хоёр намайг төрөнгүүт шууд өргөж авахаар тохиролцсон байжээ. Гэсэн хэдий ч хүү төрснийг мэдмэгцээ тэд үнэндээ хүү биш охин хүсч байсан хэмээн шийдээд намайг “голсон” юм. Тийнхүү жагсаалтны хүлээлгэнд байсан миний эцэг эх рүү шөнө дунд залган “Бидэнд нэг хүү байна, санаандгүй байдлаар. Та хоёр авмаар байна уу?” гэж асуусанд тэд шууд л “Тэгэлгүй яахав” гэцгээж намайг авахаар болжээ. Гэтэл удалгүй төрүүлсэн ээж маань өргөсөн ээжийг хэзээ ч коллеж төгсөөгүй, мөн манай аавыг бүр ахлах сургууль ч төгсөөгүй гэдгийг мэдээд тэдэнд өргүүлэх эцсийн бичиг баримтанд гарын үсэг зураагүй. Харин хэдэн сарын дараа намайг хэзээ нэгэн өдөр их сургуульд заавал явуулна гэж эцэг эхээс маань амлалт авч байж зөвшөөрсөн билээ.
17 жилийн дараа би коллежд явсаан. Гэхдээ би гэнэн тэнэг байдлаар Станфордтой адилхан хэмжээний төлбөртэй сургууль сонгож ажилчин ангиас гаралтай эцэг эхийн маань цуглуулсан бүх хуримтлал, мөнгө зөвхөн миний сургалтын төлбөрт зориулагдаж эхэлсэн юм. Зургаан сарын дараа би тэгж их төлбөр төлүүлж байгаагийнхаа үнэ цэнийг олж харахгүй байлаа. Амьдралаа яах талаар надад ямар ч төсөөлөл байгаагүйн дээр коллежд явлаа гээд надад ямар нэмэр болохыг ч ойлгохгүй байв. Гэтэл би гэж хүн эцэг эхийнхээ насаараа зовж байж цуглуулсан мөнгийг үрээд байж байдаг. Тийм учраас би сургуулиасаа гарч бүх юм ямар нэгэн байдлаар хэвийн болно гэж итгэхээр шийдсэн юм. Тухайн үед аймаар санагдаж байсан л даа, гэхдээ эргээд харахад тэр бол миний амьдралдаа хийж байсан хамгийн зөв сонголтуудын нэг байсан гэж би боддог. Сургуулиа хаямагц би заавал суух ёстой гэсэн сонирхолгүй хичээлд хүчээр суух хэрэггүй болж надад сонирхолтой гэсэн хичээлүүддээ сууж эхэлдэг болсон.
Бүх юм тийм сайхан байгаагүй ээ. Надад дотуур байр байгаагүй болохоор найзуудынхаа өрөөний шалан дээр унтаж, коланы шил тушааж олсон 5 центүүдээ цуглуулан хоол авч бүтэн сайны орой болгонд ганц сайн хоол идэхээр хотоор Хээр Кришна хийд рүү 7 мил алхдаг байлаа. Би энэндээ маш дуртай байсаан. Ийнхүү явахдаа сонирхол, зөн совиндоо хөтлөгдөж учирсан бүхэн маань дараа нь үнэлж баршгүй болж хувирсан. Би нэг жишээ хэлье.
Рийд Коллеж тухайн үед улсдаа хамгийн сайн калиграффийн буюу сайхан бичлэгийн хичээлийг заадаг байлаа. Сургуулийн талбай даяар хадсан тараасан бүх зурагт хуудас, шургуулганд наасан бүх хаяг маш сайхан бичлэгээр бичсэн байдаг байв. Би сургуулиа хаяж заавал жирийн хичээлүүдээ авах шаардлагагүй байсан болохоор калиграфийн хичээл авч яаж ингэж бичдэгийг сурахаар шийдсэн. Тэгээд би сериф, санс сериф хэвлэлийн дардсын талаар, өөр өөр үсгүүдийн хооронд ямар ямар зай авах талаар болон бичлэгийг яавал улам сайхан болгодог талаар сурсан юм. Калиграф үнэхээр үзэсгэлэнтэй, түүхтэй, шинжлэх ухаанаар тайлбарлаж чадахааргүй тийм сайхан нарийн, чамин тансаг бөгөөд надад тун гайхалтай санагдаж байлаа.
Калиграфийн талаар сурсан зүйлсээ амьдралд үр ашигтай ашиглаж хэрэглээ болгох үгүй нь тэр үед тодорхойгүй байв. Гэхдээ арван жилийн дараа буюу анхны Макинтошийн компьютерийн загварыг зохиож байх үед сурсан бүх юм маань хэрэг болсон. Тэгээд бид түүнийг бүгдийг нь Мак руу оруулж зохион байгуулсан. Мак бол үзэсгэлэнтэй бичлэгтэй анхны компьютер. Хэрвээ би коллежд тэр нэг хичээлд сууж байгаагүйсэн бол Макын компьютер хэзээ ч олон янзын хэвлэлийн дардас эсвэл хоорондоо пропорцтой зайтай фонттой байж чадахгүй байх байсан. Виндоуз бол тэр тал дээр Макыг хуулбарласан болохоор өнөөдөр ямар ч компьютер тийм байж чадахгүй байх байсан гэсэн үг. Хэрвээ би хэзээ ч сургуулиа хаяагүй, хэзээ ч тэр калиграфийн хичээлд сууж байгаагүй бол хувийн компьютерүүд хэзээ ч одоогийх шиг сайхан дардастай байхгүй байх байсан гэсэн үг. Мэдээж коллежид байхад урагшаа тэмүүлэх цэгнүүдийг холбож харах боломжгүй байсан, гэхдээ арван жилийн дараа эргэн харахад маш тодорхой харагдаж байсан юм.
Дахин хэлэхэд, урагшаа хараад цэгүүдийг холбоно гэдэг боломжгүй, эргэж харж байж л холбоно. Тийм болохоор та нар ирээдүйд тэр цэгүүд чинь ямар нэгэн байдлаар хоорондоо холбогдоно гэж итгэх л хэрэгтэй. Ямар нэгэн юманд л итгэх хэрэгтэй — зөн совиндоо, хувь заяандаа, амьдралдаа, юу ч байж болно. Гагцхүү энэ л хандлага намайг хэзээд ч хаяж байгаагүй бөгөөд миний амьдралыг өөрчилж чадсан.

Миний дараагийн түүх бол хайр, хагацлын тухай.Би их азтай - би юу хийх дуртайгаа тун залуудаа олж мэдсэн. Воз бид намайг 20 той байхад Эпплийг аав ээжийн маань гараж дотор байгуулж эхлүүлсэн. Бид их хөдөлмөрлөж, ингэснийхээ хүчээр Эппл гаражид байдаг хоёрхон хүнтэй компаниас аравхан жилийн дараа 4000 ажилчинтай 2 тербум долларын хөрөнгөтэй компани болж өргөжсөн юм. Түүнээс жилийн өмнө бид тэр үед хамгийн сайхан бүтээл болох Макинтош-оо дөнгөж олон нийтэд үзүүлээд байсны сацуу би яг 30 настайгаа золгож байв. Тэгээд би ажлаасаа халагдсан. Өөрийнхөө байгуулсан компаниас яаж өөрөө халагддаг юм бэ гэж үү? Юу гэхээр, Эпплийг дэвшин дээшлэхийн дагуу бид компанийг надтай хамтарч маш чадварлагаар удирдаж чадна гэж бодсон хүнийг ажилд авлаа. Эхний жил ч яахав бүх юм дажгүй сайн байлаа. Гэтэл бидний компаний ирээдүйг харах үзэл хоорондоо мөргөлдөж эхлэн таарамжгүй байдал үүслээ. Тэгээд маргаан болоход манай Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөн түүний талд ордог юм байна. Тэгээд л би 30 насандаа маш их сенсаацтай халагдсан билээ. Миний том хүн болоод хийсэн бүтээсэн бүх юм үгүй болж надад үнэхээр хэцүү байсан.
Хэдэн сар би яг юу хийх ёстойгоо мэдэхгүй явлаа. Өмнөх үеийнхээ ажил олгогчдын итгэлийг алдсан юм шиг, надад ирсэн хариуцлагыг хүлээж чадаагүй мэт санагдаж байв. Девид Пакард, Боб Ноёс нартай уулзаж онцгүйгээр бүтэлгүйтсэндээ уучлал гуйлаа.. Би олон нийтийн өмнө бүтэлгүйтэж Силикон Валлигаас явах талаар ч бодож байв. Гэхдээ би аяндаа нэг зүйлийг ойлгосон нь би тэр үед ч хүртэл хийдэг ажилдаа дуртай байсан гэдгээ ойлгосон. Эпплд болж байсан үйл явдлууд яг л хэвээрээ өөрчлөгдөөгүй байсан бөгөөд би хэдий гологдож бүтэлгүйтсэн ч хайрандаа шатсан хэвээр л байсан юм. Тэгээд л би шинээр эхлэхээр шийдсэн.
Тухайн үед би олж харахгүй байсан ч дараа нь бодоход Эпплээс халагдсан маань надад тохиолдсон мөн л хамгийн сайн зүйлсийн нэг гэж боддог. Амжиллтай байдлыг дагаж ирдэг дарамтын оронд шинээр эхэлж байгаа тийм хөнгөн шингэн байдал бий болж амьдралын маань хамгийн их бүтээлч үед ороход минь тусалсан, чөлөөлсөн юм.
Таван жилийн дотор би NeXT, Pixar гэсэн нэртэй хоёр компани байгуулж миний гэргий болох гайхалтай бүсгүйтэй учирсан. Pixar дэлхийн анхны компьютерээр бүтээсэн хөдөлгөөнт кино –Толоомын түүхийгг бүтээсэн бөгөөд одоо дэлхийн хамгийн амжилттай яваа хүүхэлдэйн киноны студи. Эппл NeXT-г худалдаж авахаар шийдэж би Эпплд эргэн очсон бөгөөд NeXT-д зохион бүтээсэн бидний технологи Эпплийн одоогийн сэргэн мандалтын гол шалтгаан, уг үндэс нь болсон юмаа. Лорин бид хоёр ч маш сайхан  гэр бүлийг бий болгосон.
Хэрвээ би Эпплээс халагдаагүй байсан бол хэзээ ч ийм зүйлс болохгүй байсан гэдгийг би маш сайн мэдэж байна. Маш аймшигтай амттай эм байсан ч өвчтөн уух л хэрэгтэй байсан юм шиг байгаа юм. Заримдаа амьдрал толгой руу чинь тоосго аваад шиднэ гэхдээ битгий итгэлээ алд. Намайг тэр үед цаашаа явахад минь тусалсан ганц зүйл бол би хийдэг ажилдаа дуртай байсных. Чи юуг хайрладаг тэр нэгэн зүйлээ олох хэрэгтэй. Энэ бол зөвхөн ажил төдийгүй амраг хайртад чинь ч хамаарна. Чиний амьдралын нэлээд томхон хэсгийг хийдэг ажил чинь эзлэх бөгөөд үнэхээрийн сэтгэл хангалуун амьдрахад маш сайхан гэж боддог ажлаа л хийх хэрэгтэй. Сайхан гэж боддог ажил хийх ганц арга зам бол хийх дуртай зүйлээ олж авах. Хэрвээ түүнийгээ олоогүй бол хайсаар л бай. Битгий бууж өг. Зүрх сэтгэлийн бүхий л асуудлуудын адилаар түүнийгээ олсон цагт тэртээ тэргүй чи мэдрэх болно. Тэгээд олохоороо бүх л гайхалтай харилцаануудын адилаар жил ирэх тусам улам илүү сайхан болох болно. Тийм болохоор олон олтлоо хайсаар л бай. Битгий бууж өг.

Миний гурав дахь түүх бол үхлийн тухай. Би 17 настай байхдаа “Хэрэв чи бүх өдрийг амьдралынхаа хамгийн сүүлийн өдөр мэтээр амьдарвал нэг л өдөр чиний зөв байх болно” гэсэн ишлэлийг уншсан. Энэ нь надад маш гүн сэтгэгдэл үлдээж түүнээс хойш 33 жил би өглөө болгон босоод толинд харахдаа өөрөөсөө асуудаг болсон билээ. "Хэрвээ өнөөдөр миний амьдралын сүүлийн өдөр бол өнөөдөр хийх гэж байгаа зүйлсээ хийх үү?” гэж. Тэгээд хамгийн зөв хариулт нь нэлээд хэдэн өдрийн турш "Үгүй" болж таарвал ямар нэг юмыг өөрчлөх хэрэгтэй болсныг мэддэг.
Удахгүй үхнэ гэж санаж явдаг нь миний хувьд амьдралд маш том сонголтуудыг хийхэд тусалж байсан хамгийн чухал хэрэгсэл болдог. Яагаад гэвэл бараг бүх л зүйлс – гаднаас хүлээх найдлага, горьдлого, бахархал, ичгүүртэй байдал болон бүтэлгүйтлээс айх айдас зэрэг бүгд үхэхийн цагт юу ч биш бөгөөд бусад чухал зүйлсийг л үлдээдэг. Үхнэ гэдгээ мэдэж байх нь чамайг ямар нэг алдах юмтай гэсэн айдас болон хавханд орохоос сэргийлэх хамгийн шилдэг арга. Чи угаасаа л хорвоод нүцгэн ирж нүцгэн буцдаг. Тийм болохоор зүрх сэтгэлээ дагахгүй байх шалтгаан байхгүй.
Бараг жилийн өмнө намайг хорт хавдраар оношилсон. Өглөө 7:30 –д зураг авхуулахад нойр булчирхайнд хавдар байгаа нь илт харагдав. Би бараг нойр булчирхай ч гэж юу байдгийг мэддэггүй байсан. Эмч нар ийм төрлийн хавдрыг эдгэрэх боломжгүй, одоо гурваас зургаан сар л амьд явах үлдсэн гэж хэллээ.  Гэртээ харьж ажил төрлөө зохицуул буюу нэг ёсондоо эмч нарын кодоор үхэхдээ бэлд гэж надад хэлэв. Ер нь бол хүүхдүүддээ очоод ирэх 10 жилдээ ярина гэж төлөвлөж байсан зүйлсээ хэдхэн сарын дотор багтааж хэлэх шаардлагатай болно гэсэн үг. Бүх юмыг аль болох гэр бүлийнхэндээ аятайхан сайхан байлгахын тулд бүхнийг шалга гэсэн үг. Эцсийн үгүүдээ, баяртайгаа хэлээ гэсэн үг.
Тэр оношийг сонсоод өдөржин бодол болов. Орой нь эд эсийн шинжилгээ буюу ходоодоо дурандуулж нойр булчирхай руу зүү хийн хавдарнаас хэдэн эс авхуулав.  Би мэдээ алдсан байсан ч эхнэр маань сэрүүн байсан бөгөөд эмч нар эсүүдийг микроскопоор хараад дуу алдсныг хэлсэн юм. Учир нь миний тэр хорт хавдар мэс заслаар эдгэрэх боломжтой тийм ховор маягийн нойр булчирхайн хавдар байлаа. Тэгээд би мэс засал хийлгэж одоо эрүүл болсон.
Миний хувьд үхэлтэй хамгийн ойр тулгарсан нь энэ тохиолдол байсан бөгөөд ирэх хэд хэдэн арван жилд дахиж ийм тохиолдол бүү гараасай гэж хүсч байна. Ийм зүйлийг туулж гарснаар үхэл гэдэг зүйлийг дан ганц хэрэгцээтэй боловч цэвэр сэтгэл санааны үзэл бодол гэхээс илүү ийн итгэлтэйгээр хэлж чадна:
Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд очихыг хүсдэг хүмүүс ч үхэн байж тэнд очихыг хүсдэггүй. Гэхдээ бид бүгд л үхдэг. Хэн ч түүнээс зугатах аргагүй. Гагцхүү тийм байх нь ч зөв, яагаад гэвэл үхэл гэдэг бол амьдралын цорын ганц шилдэг бүтээл. Үхэл бол амьдралыг өөрчлөх хөдөлгөгч хүч. Хуучин бүхнийг арилгаж шинэ бүхэнд зам тавьж өгдөг. Яг одоохондоо бол та нар шинэ байна гэхдээ одоогоос удалгүй хэзээ нэгэн өдөр та нар хуучирч арилах болно. Хэтэрхий сүржин, чухал ярьж байгаад уучлаарай гэхдээ энэ бол яалт ч үгүй үнэн.
Та нарын цаг хязгаартай болохоор битгий өөр хэн нэгний амьдралаар амьдарч цагаа үр. Ягшмал номлолд бүү баригд. Бусадхүмүүс юу гэж бодох хамаагүй. Битгий бусад хүмүүсийн үзэл бодлоор өөрийнхөө дотоод дуу хоолойг үгүй болго. Тэгээд хамгийн чухал нь өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаж чадахаар зоригтой бай. Тэд чинь чамайг юу болмоор байгааг чинь ямар нэг байдлаар аль хэдийн мэдчихсэн байдаг. Бусад бүх зүйл бол хоёрдагч, чухал бус.
Намайг залуу байхад The Whole Earth Catalog гэгч манай үеийнхний библи болсон маш гайхалтай хэвлэл гардаг байлаа. Тэр хэвлэлийг Мэнло Паркийн эндээс холгүй газарт Стюарт Бранд зохион бүтээсэн бөгөөд яруу найргийн байдлаараа амьдруулж чадсан юм. Энэ бол 1960 оны сүүлээр буюу хувийн компьютер, ширээн дээрээс шууд хэвлэх зэргээс өмнө гардаг байсан болохоор зөвхөн бичгийн машин, хайч, поларойд аппаратаар л хийдэг байсан. Ер нь бол цаасан дээрх Google шиг, Google гарахаас 35 жилийн өмнө л болохоос. Тэр хэвлэл маш идеали, хэрэгцээтэй хэрэгсэл, гайхамшигт санаа бодлоор дүүрэн байдаг байсан.
Стюарт болон түүний баг The Whole Earth Catalog-ийн нэлээн хэдэн дугаарыг гаргаж цаг нь болсон гэж үзэхдээ сүүлийн дугаарыг гаргасан юм. Энэ бол 1970 оны дундуур, би та нартай чацуу байсан гэсэн үг. Сүүлийн дугаарын хойно адал явдалд дуртай хэн ч алхаад явж байхаар тийм өглөөгүүр авсан хөдөөний замын зургийг тавьсан байдаг. Доор нь ийм үг бичсэн байв: “Сурах тэмүүлэлтэй бай. Тэнэг бай”. Энэ бол тэдний уншигчдадаа зориулж бичсэн салах үг. Сурах тэмүүлэлтэй бай. Тэнэг бай. Тэгээд би үргэлж л өөртөө ингэж хүсэх болсон. Харин одоо сургуулиа төгсөж бүхнийг эхэлж байгаа та бүхэнд ийн хүсье.

Сурах тэмүүлэлтэй. Тэнэг бай.

Та бүхэнд баярлалаа. 
                                                                             Эх сурвалж: http://iregedui.blogspot.com/

No comments:

Post a Comment