Клеопатра

Клеопатра хоёр мянга гаруй жилийн тэртээ тэнгэрт хальсан ч түүний алдар нэр хэдэн зуун дамжин цуурайтсаар байна. Энэ хорвоод 39-хэн жил амьдрахдаа дэлхийн хоёр ч аугаа хүний хүний халуун хайрыг булаасан чадсан билээ.

Тэр хоёр хүн бол Марк Антоний, Юлий Цезарь нар байлаа. Алдарт жанжин Ю.Цезарийг бид түүний нэрээр нэрлэгдсэн Долоодугаар сар гарахад хааяа санадаг. Бараг бүх дэлхийг байлдан дагуулсан бол "бяцхан Клеопатра” түүнийг өмнөө өвдөг сөхрүүлсэн юм. Дэлхийд цуутай цэргийн жанжныг өвдөг сөхрүүлж чадсан нь эртний түүхийн гайхамшигт үйл явдлуудын нэг болон мөнхөрчээ.


Христос бурхныг мэндлэхээс 48 жилийн өмнө Ю.Цезарь Александри хотыг дайтахаар мордох үеэс үзэсгэлэн төгс Клеопатра бүсгүйн ажил хэрэг бүтэмжгүй байлаа. Египетийн хатан хааны титмээ алдаж эд баялагаасаа хагацаж тэр ч бүү хэл амиа алдах шахаад байлаа.

Энэ үед Ю.Цезарь түүнд элч довтолгож хүрч ирж уулзахыг хүсчээ. Гэвч Александри хот үеэл ахынх нь тагнуул туршуулуудаар дүүрэн байсан тул Клеопатра шөнө дөлөөр загасчны жижиг завинд сууж хотоос нууцаар гарч хүрч ирээд өөрийгеө хивсэнд ороож их жанжны өргөөнд аваачиж дэлгэхийг дагуулж яваа зарцдаа тушаажээ.

Хивсийг дэлгэхэд бүсгүй сугаран гарч их жанжны өмнө бүжиглэхэд Ю.Цезарь гоолиг бие галбир, үзэсгэлэн төгс царайг нь мэл гайхан нүдээ бүлтийлгэн ширтэнэ.
Дурлалын гариг Сугараас энэ ертөнцөд залагдан ирсэн болохоор би эмэгтэй хүний гоо сайхныг үнэлж чаддаг эр хүн гэж Ю.Цезарь олонтаа ярьдаг байжээ. Гэвч энэ удаа хэлэх үгээ олж ядна. "Тэнгэрлэг гоо бүсгүй гэдэг энэ байх! Эсвээс хий үзэгдэл үү!? Ромд яагаад ийм сайхан бүсгүй байдаггүй юм бэ!?" дотроо гайхширна.

Энэ үед дөнгөж 44 нас хүрч толгой нь халцарч эхэлж байв. Харин 21 хүрч буй Клеопатра цэл залуу насны цог золбоо, дундаршгүй хайр дурлалын илэрхийлэл байлаа. Тэрбээр ханашгүй янаглал, сэргэлэн оюун ухаанаараа Цезарийг "илбэдэж" сайн дурын боолоо болгож эрхшээлдээ бүрэн оруулжээ.
Үеэл ах нь Клеопатра бүсгүйн амийг хороохоор завдаж буйг Ю.Цезарь дуулаад эрх мэдэлдээ бялуурсан сагсууг хашраагаад өгье гэж ам алджээ.Тэгээд ромын их цэргийг хөдөлгөж Египетийн армийг бут ниргэж Клеопатра бүсгүйн үеэл ахыг баривчилж Нил мөрөнд живүүлжээ.

Энэ цаг мөчөөс Клеопатра бүсгүй Египет улсын бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн хатан хаанаар өргөмжлөгдөж асар уудам нутаг дэвсгэрийг эзэгнэн захирах болжээ.
Хэдэн сарын дараа Клеопатра хүү төрүүлсэн нь их жанжны амьдрал дахь цорын ганц эрэгтэй хүүхэд байв. Гэвч Ю.Цезарь Ром хотод суугаа албан ёсны хатнаасаа салаагүй цагт Клеопатра бүсгүйтэй гэрлэх бололцоогүй байлаа. Энэ үед Клеопатра энд тэндгүй тархсан бөөн хов живийг дарж хүүгээ хааны хууль ёсны залгамжлагч болгох хосгүй уран арга сэдэж олов. Юлий Цезарь бол зүгээр нэг эрэгтэй хүн биш Египетийн хатан хаанд хүүхэд бэлэглэх гэж Цезарийн дүрээр газар дээр амилсан Нарны бурхан гэсэн домгийг газар сайгүй түгээн тараах зарлиг буулгав.< Өнөөгийн бидэнд энэ домог инээдэмтэй, хүүхдийн үлгэр шиг санагдаж байна. Гэхээ хоёр мянган жилийн тэртээ Египет оронд амьдарч байсан хүмүүс энэ домогт үнэнхүү итгэж байв. Удсангүй Ю.Цезарь алуулж түүний оронд хөгшин, ойворгон сагсуу зантай, байнга согтуу явдаг, өр ширнээс салдаггүй Марк Антоний Ромын эзэнт гүрний хаанаар залрав. Хэдхэн ялалт хийсэндээ сэтгэл нь хөөрсөн М.Антоний цэргээ дорно зүг залж дээрэм тонуул хийнэ. Египет бол тухайн цаг үеийн дорно зүгийн хамгийн баян орон байлаа. Иймд түүнийг архи уугаагүй эрүүл байхад нь нэгэн хамтран зүтгэгч нь "Александри хотыг байлдан эзлэе, Клеопатра хэмээх шулам хүүхний толгойг цавчиж Египтийн цусыг амтлая!" гэж ятгажээ. Энэ тухай Клеопатра сонсоод чирэн дагжиж сагсуу Антонийг хэрхэн тогтоон барих тухай хэдэн хоног дараалан бодлоо. "Амдан байлдаж яагаад ч дийлэхгүй, тэгвэл халуун хайрын илчээр уяраах уу? гэсэн бодол түүний санаанд гялсхийн оров. Ийн шийдээд ув улаан далбаатай, алтадмал хашлагатай усан хөлгөөр Антоний хааныг тосон очив. Бүх зүйлийг "мянга нэгэн шөнийн үлгэр" шиг чамин гоё бэлтгэжээ. Тод өнгийн эрээн мяраан хувцас өмссөн хүүхдүүд Клеопатра бүсгүйг тогосны өдөөр сэвж торгон хувцастай гоолиг бие галбиртай бүсгүйчүүд хөгжмийн намуун аяар бүжиглэнэ. Анхилам сайхан үнэр алсаас ханхална. Дорно зүгийн сэтгэл хөдлөм сайхан өргөөний голд байх торгоор битүү бүтээсэн зөөлөн буйдан дээр үзэсгэлэн төгс Клеоатра улам сайхан харагдана. Гэвч Марк Антоний Клеопатра бүсгүйг анх харангуутаа сөхөрч хүндээ хөнгөнөөс өгөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Марк Антоний бол бүдүүлэг муйхар цэргийн жанжин болохоор ойр дотнын шадар хамтран эүтгэгчидтэйгээ хамт өдөр өнжихгүй найр наадам хийж элдвийг үзсэн Ром хотынхны гайхшийг төрүүлж байлаа. Гэтэл өндөр соёл, язгууртны илэрхийлэл, яруу найрагчийн хосгүй авьяастай, үзэмж төгөлдөр Клеопатра түүнийг урхидаж нууц амраг нь болжээ. Антоний түүний үзэсгэлэн гоод унаж чамин тансаг амьдрал умбалаа. Халуун хайрандаа насан эцэслэх хүртлээ чин үнэнч байсан нь өнөө үеийнхнийг ч бишрүүлж байна.
Эрэгтэй хүнтэй ялдам харьцаж сэтгэл зүрхийг нь хэрхэн булаахыг гаргуун мэддэг хорвоогийн цорын ганц бүсгүй гэж Клеопатраг нэрлэхэд хилсдэхгүй биз ээ.Нууц амрагийнхаа өчүүхэн ч атугай хүслийг биелүүлж элдэв болчимгүй үйлдэл, бүдүүн баараг зуршлыг нь огт анзаараагүй дүр үзүүлж өршөөн уучилна. Хамт ясан тоглоом тоглож анд цуг явж загасчилахад нь дэргэд нь байна. Зарц эмэгтэйн хувцас өмсөж түүнийг дагалдан шөнө дөлөөр хотоор зугаалж дүрсгүйтнэ. Антоний нэгэн удаа загасчилж байгаад, өнөөдөр ангийн олзгүй өдөр байна гэж гоморхоход Клеопатра нэгэн зарцад хандаж усанд шумбан орж дэгээнд нь давсалсан загас хатган тогтоохыг тушааж байв. Хоол, унданд нь онцгой анхаарч түүнийг шаардсан үед нь шинэ халуун хоолоор дайлж байхын тулд өдөр, шөнөгүй тогооч ээлжээр ажиллуулдаг байлаа.

М.Антоний нууц амрагийнхаа нөлөөнд бүрэн оржээ. Түүнд бэлэг болгон тэнгисийн бүхэл бүтэн эрэг, дараа нь нэг муж, Кипр, Грете арлуудыг өгчээ. Түүгээр ч зогссонгүй, Ромын эзэнт гүрний Ази дахь томоохон эзэмшил нутгийг түүний мэдэлд өгчээ.

Энэ тухай мэдээллийг сонсоод "Энэ чинь юу гээч болж байна аа? Ромын хэдэн мянган шилдэг эрчүүдийн цусыг урсган байж эзлэн авсан газар нутгийг нэгэн садар эмд зүгээр бэлэглэнэ гэнэ шүү. Дэндүү даварч байна." гэж ромчууд эгдүүцэн дургүйцэж М.Антонийд дайн зарлав. Клеопатра бүсгүй дүрдээ итгэж бодол хүслээ давруулснаа сая нэг ухаарсан ч хожимдсон байлаа. Уур омог нь багтаж ядсан ромчууд Антоний, Клеопатра хоёр янаглан зугаацдаг хөлөг онгоцыг тэнгисийн усанд живүүлж хамгаалалтын торгон цэргүүдийг нь баривчилжээ.

Антоний дийлдсэнээ ойлгож баривчлагдвал толгойгоо авхуулж цаазлуулна гэдгээ ухаарч биеэ сэлмээр цавчин амиа хорлож зүрхний хайртай Клеопатра бүсгүйн гар дээр амьсгаа хураав. Ромын хотын гудамж, талбайгаар гав, дөнгөтэй туулгаж хараал доромжлолын үг сонсож цаазлуулахын оронд хор ууж амиа хорлосон нь дээр гэж Клеопатра бүсгүй шийдлээ. Гэвч түүнийг амиа хорлосноос нь хорин минугын дараа очсон хүмүүс ч хэрхэн амиа хорлосныг нь мэдээгүй өнгөрчээ.

Хорт могой хазаж хорыг нь биендээ шахсан эсвээс хорт могой өвөр дээрээ тавьж зориуд хатгуулсан гэх зэрэг олон хувилбар ярьдаг. Гэхдээ египетийн домгоор хорт могойд хатгуулбал мөнхөрдөг гэдэг нь үнэн бололтой.

Үзэсгэлэн төгөлдөр Клеопатра хатан хааныг нууц амраг Марк Антонийтой нь хамт египетийн хаа нэгтээ оршуулжээ. Иймд хэрэв Та Египет оронд зорчихдоо тэдний оршуулсан газрыг олбол Таны нэр, гэрэл зураг дэлхийн бүх сонин, сэтгүүлийн эхний нүүрэнд тавигдахаас гадна Та асар их баян болно шүү.

No comments:

Post a Comment