Стратегийн мэдээллийн систем

Сүүлийн үед удирдлагын мэдээллийн системийн талаар сонирхон судалж байна. Янз бүрийн материалууд үзэж суутал ийм нэг юм байж байна. Хүмүүст сонирхолтой байж мэдэх юм гээд нийтлэхээр шийдлээ. Компанийнхаа стратегийг ч томъёолоогүй нөхдүүдэд бол мэдээллийн системийг ашиглах нь дараагийн алхам байж болох юм. Гэхдээ л байгууллага дээрээ туршаад үзэхэд юу нь болохгүй байх билээ. 

Орчин үед зөвхөн удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлж, бэлэн загварт тайлан авч, ажлаа сайн гүйцэтгэхийн зэрэгцээ мэдээллийн системийг өрсөлдөөний давуу тал олох, компанийн стратегийг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл гэж үзэх хандлага түгээмэл болж байна. Энэхүү хандлагыг илэрхийлж нэгэн эрдэмтэн "Мэдээллийн системийг стратегийн зорилгоор ашиглана гэдэг нь мэдээллийн технологи ашиглан компанид даяаршсан зах зээлд стратегийн давуу тал олгох бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүчин чадавхи бий болгох явдал юм” гэж хэлсэн байна. Зах зээл даяаршиж, өрсөлдөөн ширүүсч байгаа үед мэдээллийн систем нь компанид бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээж, стратегийн давуу тал олох боломж олгодог. Үүний улмаас Стратегийн мэдээллийн систем ийн тухай ярьж, байгууллагууд мэдээллийн системээ энэ чиглэлд хандуулах болжээ. Стратегийн мэдээллийн систем гэдэг нь компанийн өрөлдөөний байршлыг дэмжиж байгаа мэдээллийн систем юм. Тиймээс стратегийн мэдээллийн систем нь мэдээллийн ямар ч систем байж болно. Жишээлбэл гүйлгээ боловсруулах систем, удирдлагын мэдээллийн систем, шийдвэр гаргалтыг дэмжих систем гэх мэт.
Байгууллага дахь мэдээллийн системд өрсөлдөөний стратегийн үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд өрсөлдөөний стратеги гэж юу болохыг ойлгох хэрэгтэй. Энэ талаар Майкл Портер, Чарльз Вайсман зэрэг судлаачид чухал концепциудыг боловсруулсан байдаг.

Аж ахуйн нэгж урт хугацаанд оршин тогтнох, амжилт гаргахын тулд салбар дахь өрсөлдөөний бүтцийг тодорхойлогч өрсөлдөөний 5 хүчийг сөрөх стратегиуд боловсруулах ёстой. Өрсөлдөөний 5 хүч гэдэгт 1. Салбар дахь өрсөлдөөний байдал, 2. Шинэ өрсөлдөгч орж ирэх боломж, 3. Орлуулах бүтээгдэхүүн гарах боломж, 4. Хэрэглэгчдийн тохиролцох хүч, 5. Нийлүүлэгчдийн тохиролцох хүч зэрэг ордог.

Эдгээр өрсөлдөөний хүчийг сөрөхийн тулд байгууллагууд өрсөлдөөний янз бүрийн стратеги боловсруулдаг. Жишээлбэл хэрэглэгчид, худалдан авагчдын тохиролцох хүчийг сөрөхийн тулд байгууллагууд өрсөлдөгч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд “шилжин орох зардал”-ыг өндөр болгож, “түгждэг.” Ингэснээр өрсөлдөгчдийг бас “түгждэг.” Мөн шинэ өрсөлдөгч орж ирэхээс хамгаалахын тулд хуульзүйн, санхүүгийн, технологийн шаардлагыг өндөрсгөж, саад босгодог.

Компаниуд өрсөлдөөний хүч, аюулыг бууруулахын тулд өрсөлдөөний дараах үндсэн стратегиудыг хэрэгжүүлдэг. Үүнд:

Зардлаар тэргүүлэх стратеги. Салбартаа хамгийн бага зардлаар бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч болдог. Ингэхдээ хэрэглэгчид болон нийлүүлэгчдэд зардлаа хэмнэхэд тусалж, өрсөлдөгчдийнхөө зардлыг өндөрсгөдөг.

Ялгарах стратеги. Компанийнхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг өрсөлдөгчдийнхөөс ялгаруулж, өрсөлдөгчийн ялгарч буй давуу талуудыг багасгах замаар үүнийг хийдэг. Ингэхдээ бүтээгдэхүүн, үйлчилгээндээ төвлөрч, тодорхой нэг зах зээл, талбарт чиглүүлдэг.
Төгөлдөршүүлэх стратеги. Ийм стратегийг баримтлаж буй байгууллага бизнесээ явуулах шинэ арга зам хайдаг. Дахин давтагдашгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээж, онцгой зах зээлд ордог. Бизнес явуулдаг хуучин арга замуудаас эрс өөрөөр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүтээж, хуваарилах бизнес процесст шилжиж, салбарынхаа бүтцийг өөрчилдөг.
Өсөлтийн стратеги. Компанийнхаа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээх хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, даяар зах зээлд орох, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг олон болгож, хоорондоо холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ хийдэг.
Холбоо тогтоох стратеги. Энэ стратегийг хэрэгжүүлэхдээ хэрэглэгчид, нийлүүлэгчид, өрсөлдөгчид, зөвлөх байгууллагууд, бусад компаниудтай бизнесийн холбоо, түншлэл тогтоодог. Ингэхдээ бусад байгууллагуудыг нэгтгэх, залгих, хувь нийлүүлэх, виртуаль компани байгуулах, маркетинг, үйлдвэрлэл, хуваарилалтын гэрээ хэлэлцээр тогтоодог.
Эдгээр стратегийг хэрэгжүүлэхэд мэдээллийн технологийн хувь нэмэр их байдаг бөгөөд үүнийг дараах байдлаар харж болох юм.
Зардлаар тэргүүлэх стратеги
• Бизнесийн процессынхоо зардлыг дорвитой бууруулахын тулд мэдээллийн технологийг ашиглах
• Хэрэглэгчид, нийлүүлэгчдийн зардлыг бууруулахын тулд мэдээллийн технологийг ашиглах
Ялгарах стратеги
• Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдаас ялгаруулахын тулд мэдээллийн технологийн шинэ давуу талуудыг бий болгох
• Өрсөлдөгчдийн ялгарах давуу талыг багасгахын тулд мэдээллийн технологийн шинэ шийдлүүд ашиглах
• Орхигдсон зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ төвлөрөхийн тулд мэдээллийн технологийн давуу талуудыг ашиглах

Төгөлдөршүүлэх стратеги
• Мэдээллийн технологийн бүрдэл бүхий шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох
• Мэдээллийн технологийн тусламжтайгаар бизнесийн процесстоо томоохон өөрчлөлт хийх
• Мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ, бусдын орж чадахгүй зах зээл бий болгох

Өсөлтийн стратеги
• Бүс нутаг, даяар зах зээлд бизнесээ өргөжүүлэхэд мэдээллийн технологийг ашиглах
• Олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ бүтээх, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэгтгэхийн тулд мэдээллийн технологи ашиглах

Холбоо тогтоох стратеги
• Бизнес түншүүдийг холбосон виртуаль систем тогтооход мэдээллийн технологи ашиглах
• Хэрэглэгчид, нийлүүлэгчид, дэд гэрээлэгчидтэй стратегийн бизнес харилцаа үүсгэсэн, байгууллагыг холбосон мэдээллийн систем бий болгох

Чанар, бүтээмжийг сайжруулах
• Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дорвитой сайжруулахад мэдээллийн технологийг ашиглах
• Бизнесийн процессын үр ашгийг тасралтгүй сайжруулахад мэдээллийн технологийг ашиглах
• Бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, хэрэглэгчдэд хүргэх хугацааг богиносгоход мэдээллийн технологийг ашиглах

Мэдээллийн технологийн платформ үүсгэх
• Үйл ажиллагааг дэмжиж буй мэдээллийн технологийн ажилтнууд, тоног төхөөрөмж, программ хангамжид оруулах хөрөнгө оруулалтыг стратегийн мэдээллийн системд шилжүүлэх
• Мэдээллийн технологиор компанийн гадаад болон дотоод мэдээллүүдийг цуглуулж, задлан шинжлэх стратегийн мэдээллийн бааз бий болгох

Бусад стратегиуд
• Хэрэглэгчид, нийлүүлэгчдийг “түгжих” шилжих зардлыг нэмэгдүүлийн тулд байгууллагуудыг холбосон мэдээллийн систем ашиглах
• Салбарт шинэ өрсөлдөгчид орж ирэх боломжийг хаахын тулд мэдээллийн системийн өндөр хөрөнгө оруулалт хийх
• Өрсөлдөгчдийн орлуулах бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийг татахгүй болгохын тулд мэдээллийн технологийн бүрдэл ашиглах

Бизнесийн үйл ажиллагааны сайжруулалт. Компанийн үйл ажиллагааг сайжруулахад мэдээллийн технологийг ашиглах нь стратегийн ашигтай. Мэдээллийн технологидоо хөрөнгө оруулснаар компанийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлдэг. Бизнесийн процессыг сайжруулснаар зардлыг эрс бууруулж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулдаг. Жишээлбэл үйлдвэрлэлийг автоматжуулж, компьютерийн тусламжтай үйлдвэрлэлийн (CAM) технологи ашигладаг болсон.

Үйл ажиллагааг үр ашигтай болгох нь зардлаар тэргүүлэх стратегийг хэрэгжүүлэх боломж олгодог. Бүтээгдэхүүнээ ялгаруулах стратеги баримталж байвал бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайруулахын тулд үйл ажиллагааг үр ашигтай болгож болно. Ингэхдээ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг онцгой, давтагдашгүй чанартай байхыг шаарддаг. Гэхдээ зардлаар тэргүүлэх, ялгарах стратегийг хэрэгжүүлж байгаа аль аль тохиолдолд шинэ өрсөлдөгч орж ирэх, орлох бүтээгдэхүүн хийх боломж байдаг.

Бизнесийн шинэчлэл, төгөлдөршүүлэлт. Мэдээллийн системийн технологид хөрөнгө оруулалт хийснээр онцгой, дахин давтагдашгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ, процесс бий болгож болно. Ингэснээр бизнесийн шинэ боломж бий болж, компани шинэ зах зээл юмуу хуучин зах зээлийн шинэ сегмэндэт гарах боломжтой. Жишээлбэл банкны салбарт АТМ-ыг ашигласан нь мэдээллийн системээр инноваци хийсний жишээ юм.

Хэрэглэгчид, нийлүүлэгчдийг хязгаарлалт. Мэдээллийн технологид хөрөнгө оруулснаар хэрэглэгчид, нийлүүлэгчидтэй сайн харилцаа тогтоож, шилжилтийг нь хязгаарлаж болдог. Ингэснээр хэрэглэгч, нийлүүлэгч өрсөлдөгчийн үйл ажиллагаанд татагдан орох нь зогсч, өрсөлдөгчид бүтээгдэхүүн, үйлчилгээг дуурайх нь багасдаг. Хэрэглэгч, нийлүүлэгчийн шилжилтийг хязгаарлах зорилгоор мэдээллийн систем ашиглах явдал эхэндээ хуваарилалт, маркетинг, борлуулалтын үйл ажиллагаанд харилцагчийн үйлчилгээ, нийлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэж байсан. Удалгүй мэдээллийн технологийг илүү төгс төгөлдөр байдлаар ашиглах болсон.
Жишээлбэл борлуулалтын ажилтнууд, харилцагчийн үйлчилгээний ажилтнуудыг борлуулалт, тээвэрлэлт, агуулахын талаарх шинэ мэдээллээр хангахад цахилгаан холбооны сүлжээг ашиглах болсон. Компаниуд хэрэглэгчид, нийлүүлэгчидтэй байгууллагуудыг холбосон мэдээллийн систем үүсгэж, бизнесийн шинэ түншлэл, холбоо тогтоодог болсон байна. Цахим мэдээлэл солилцох систем байгуулснаар агуулахын нөхцөл байдлыг автоматаар илрүүлж, сэлбэдэг болжээ.

Шилжихэд гарах зардлыг нэмэгдүүлэлт. Стратегийн мэдээллийн системийн гол зорилго нь компани болон түүний хэрэглэгчид, нийлүүлэгчдийн харилцааг бат бэх болгох, тэрхүү харилцаанаас гарч, өөр байгууллагатай харилцахад зардал гаргадаг болгох явдал юм. Мэдээллийн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид, нийлүүлэгчид шинэлэг, аль аль талдаа ашигтай, хоёр байгууллагыг холбосон мэдээллийн системийн үр ашгийг хүртдэг. Ингэснээр өрсөлдөгч байгууллагатай харилцсанаар цаг, мөнгө, хичээл зүтгэлтэй холбоотой гарах зардлыг санхүүжүүлэх дургүй болдог. Үүний жишээ бол Американ Эйрлайнес компанийн хэрэглэдэг онлайнаар онгоцны билет захиалах Сабр систем юм. Энэхүү системээр билет захиалгын агентлагуудад төв байгууллагатай холбосон систем байгуулж, худалдааны төлөөлөгчдийг сургаж өгдөг.

Орох саадыг өндөрсгөлт. Мэдээллийн технологид их хөрөнгө оруулж, үйл ажиллагааг сайжруулж, инновацийг дэмжсэнээр шинэ өрсөлдөгчид зах зээлд орж ирэхэд саад тавьж болно. Ингэхдээ голдуу тухайн салбар, зах зээлийн сегментэд өрсөлдөхөд шаардагдах технологийн зардлыг өндөрсгөж, шийдлийг нарийн төвөгтэй болгодог. Үүний жишээ бол Мерилл Линч компанийн харилцагчийн дансыг удирдах систем юм.
Стратегийн мэдээллийн системийн платформ үүсгэх. Компани стратегийн мэдээллийн системд хөрөнгө оруулалт хийж, платформтой болсноор стратегийн давуу талтай болдог. Компаниуд үүнийг голдуу бизнесийн дотоод процессоо сайжруулах, дэмжих зорилгоор хийдэг. Ингэхдээ үнэ өртөг бүхий, технологийн нарийн шийдэл бүхий техник хангамж, программ хангамжтай болж, цахилгаан холбооны сүлжээ тавьж, мэдээллийн системийн мэргэжилтэнтэй болж, эцсийн хэрэглэгчдээ сайтар сургадаг. Мэдээллийн технологийн ийм платформтой болсон компани түүнийгээ ашиглан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж болдог.

Стратегийн мэдээллийн бааз бий болгох. Стратегийн мэдээллийн бааз бий болгох нь компанийн өрсөлдөөний стратегид тусладаг. Ийм мэдээллийн бааз нь компанийн үйл ажиллагааг үр ашигтай болгож, удирдлагын үйл ажиллагааг үр дүнтэй болгодог учир үнэтэй актив болдог. Тэгвэл орчин үед компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэглэгчид, нийлүүлэгчид, өрсөлдөгчид болон эдийн засаг, хүн амзүйн мэдээллүүд стратегийн эх сурвалж гэгдэх болж, стратегийн төлөвлөлт, маркетинг, стратегийн санаачлагыг дэмждэг байна. Жишээлбэл олон компаниуд хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг маркетлахын тулд компьютерийн систем, түүний мэдээллийг ашигладаг болсон.

Өртгийн гинжин хэлхээнд IT ашиглах нь
Майкл Портерын боловсруулсан “Өртгийн гинжин хэлхээ”-ний тухай ойлголт бол стратегийн удирдлагын бас нэг чухал концепци юм. Энэхүү концепциор байгууллагыг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ өртөг нэмэх, ингэснээр байгууллагад ашиг өгөх олон үйл ажиллагаануудын гинжин хэлхээ маягаар үздэг. Өртгийн гинжин хэлхээний ёсоор байгууллагын зарим үйл ажиллагаанууд анхдагч байдаг бол зарим нь туслах шинжтэй байдаг. Бизнесийн эдгээр үйл ажиллагаануудын алинд нь өрсөлдөөний стратегиа хэрэгжүүлэхээ шийдэх ёстой болдог. Менежер, удирдах ажилтнууд компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд, ингэснээр компанид хамгийн их өртөг нэмдэг үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглахыг хичээх ёстой.


Аж ахуйн нэгжийн өртгийн гинжин хэлхээ, түүнд ашиглах мэдээллийн технологийн шийдлийн хэлбэр.

Жишээлбэл оффис автоматжуулалтын систем ашигласнаар компанийн ерөнхий удирдлага болон захиргааны үйл ажиллагааг дэмжиж болно. Ажилтнуудын ур чадварын мэдээллийн бааз нь хүний нөөцийн менежерүүдэд аль ажилтныг чухал төсөлд тавихыг шийдэхэд тусална. Компьютерд суурилсан үйлдвэрлэл нь компанийн технологийн хөгжлийн үйл ажиллагаанд өрсөлдөх давуу талыг бий болгоно.

1 comment:

  1. woow ёстой хэрэгтэй мэдээлэл байнаа. Мааш их баярлалаа. Энэ мэдээллүүдээ хаанаас авсан бэ? Эх сурвалжаа хэлж өгч болох уу?

    ReplyDelete