Стратегийн томъёолол


Стратеги томьёолох үйл ажиллагаа ба стратегичид

Стратеги томьёолох үйл ажиллагааны эхлэл байгууллага зорилгоо томьёолж байх тэр үеэс л эхэлдэг. Уг үйл ажиллагаа нь байгууллагын нэгдмэл стратегийг тодорхойлох, үнэлэх, сонгох гэсэн хоорондоо нягт улдаа хамааралтай хэд хэдэн чиг үүргээс бүрддэг. Эдгээрийг нарийвчлан үзүүлбэл:

• Байгууллагын зорилго ба бизнес тодорхойлолт
• Зорилтуудыг тодорхойлох
• Орчныг шинжилж үнэлгээ хийх
• Байгууллагын дотоод үнэлгээг хийх
• Стратегийн хувилбаруудыг гаргаж харьцуулж үнэлэх
• Стратеги сонголт хийх г.м


Стратегичид

а/ Захирлын зөвлөл түүний үүрэг
Үнэндээ байгууллагын хуулиар тогтоогдсон эрх мэдэл бүхэлдээ энд байдаг. Гэвч тэд хувьцаа эзэмшигчдийн өмнө дараахь үүрэг хариуцлага хүлээдэг.
• Байгууллагын зорилго, зорилтуудыг биелүүлэхэд чиглэсэн менежерүүдийн үйл ажиллагааг удирдах
• Капиталын бүтэц сонгох, зээл авах, том хэмжээний зарцуулга гаргах, гол хэрэглэгчээ алдах эрсдлийг тодорхойлох гэх мэтийн үйл ажиллагаа ба санхүүгийн амин чухал шийдвэрийг гаргах
• Байгууллагын удирдах албан тушаалтан, дээд шатны менежерүүдийг сонгох
• Байгууллагын гадаад орчны аюул заналыг багасгаж түүнээс хамгаалж буй, шинээр нөөцийг бий болгон нэмэгдүүлж байгаа стратегичдийг дэмжих
• Байгууллагыг үр дүнтэй удирдлагаар хангаж, үр ашигтай ажиллуулах.

б/ Топ менежерүүдийн үүрэг
Байгууллагын топ менежерүүдээс л тухайн байгууллагын амжилт, хувь заяа шалтгаалдаг. Иймээс тэд хамгийн өндөр хариуцлагатай түүнтэйгэ уялдаж хамгийн өндөр мэдлэг— чадвартай буюу чадавхитай байх ёстой. Тухайлбал топ менежерүүд шийдвэр гаргахад гурван төрлийн чадвар шаардагддаг. Үүнд:
1. Аналитик чадвар–энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв логик сэтгэлгээгээр оновчтой шийдвэр гаргах чадвар бөгөөд мэдлэг боловсролд суурилдаг.
2. Зөн мэдрэмжийн чадвар нь маш ховор тохиолдолд заяамал байх ба ихэвчлэн олдмол байдлаар төлөвшдөг. Ингэж төлөвшихдөө яг тухайн чиглэлээр удаан хугацаанд хуимтлуулсан арвин их туршлага дээр суурилан бүрэлддэг.
3. Уян хатан, дасан зохицох чадвар бол гадаад орчноо ойлгох мэдрэмжүүд түүнээ үйл ажиллагаандаа шийдвэртээ тусгах тусгалаар илэрдэг. Тухайлбал: Засгийн Газрын бодлогод тохирсон шийдвэр, улс төрийн сэтгэлзүйд нийцсэн шийдвэр, хэрэглэгч–зах зээлийн шинэ хандлагад таарсан бүтээгдхүүн–үйлчилгээ гэх мэт.

Топ менежерүүдэд Захирлын зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал эсвэл Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч зэрэг албан тушаалтнууд ордог. Эдгээрээс амьдрал дээр хамгийн чухал хариуцлагыг Гүйцэтгэх захирал хүлээж байдаг. Тэрээр байгууллагын өдөр тутмын дахин давтагдах үйл ажиллагаанаас ангид байх ба харин байгууллагын алс ирээдүй, эрхэм зорилгын төсөөлөл, ойрын зорилтуудын томьёолол, оновчтой стратегийн сонголт зэрэг өндөр үүрэг хариуцлагыг биелүүлдэг юм.
Ерөнхийдөө дээд түвшний удирдлага нь зах зээлийн хувь хэмжээ, үнийн түвшинг тодорхойлох гэх мэт бизнесийн санхүүгийн гүйцэтгэлийн үнэлгээг хийхээс гадна манлайлал, баг бүрдүүлэлт, төслийн удирдлага зэрэг шинжүүрээр бусад түвшний менежерүүдийн стратегийн чиг хандлагын ур чадварыг үнэлэх үйл ажиллагааг явуулдаг.

в/ Стратегийн Бизнес Нэгж (СБН)–ийн захирлын үүрэг
СБН–үүдтэй байгууллагын хувьд СБН–ийн захирал нь нэгдмэл стратеги дээр үндэслэн өөрийн нэгжийн стратегийг томьёолдог. Тэд байгууллагын нэгдсэн зорилгыг биелүүлэхэд өөрийн нэгжийн хуваарьт нөөцийг бүрэн дүүрэн ашиглахаас гадна өөрийн нэгжийн боломжит нөөцийг илрүүлэн чадамжаа нэмэгдүүлэх нь гол үүрэг хариуцлага нь болох юм.

г/ Төлөвлөлтийн мэргэжилтний үүрэг
Том хэмжээний байгууллагууд голдуу төлөвлөлтийн мэргэжилтэнтэй байдаг. Энэ мэргэжилтнүүд нь шинэ бизнесийн боломж, капиталын хуваарилалт ба хэрэглээ, маркетингийн судалгаа гэх мэт чиглэлийн үйл ажиллагаанд оролцох ба гол үүргийн функц нь стратеги сонголт, хэрэгжүүлэлт буюу стратеги төлөвлөгөө боловсруулах ажиллагаа юм.

д/ Дунд шатны удирдлагын үүрэг
Энэ шатны менежерүүд нь үйл ажиллагааны түвшинд үүрэг хариуцлага нь чиглэгдэх ба стратеги удирдлагын нэг хэсэг нь болох функциональ стратегийг хэрэгжүүлэхэд гол оролцоо нь төвлөрдөг. Хэдий тийм боловч тэдний хуримтлуулсан ажлын туршлага, бэлтгэсэн мэдээлэл, гаргасан санаа нь дээд шатны удирдлагын стратегийн боловсруулалтанд тодорхой тус нэмэр болдог.

е/ Зөвлөхийн үүрэг
Байгууллагууд ихэнхдээ хоёр ерөнхий тохиолдолд зөвлөх авч ажиллуулах шаардлагатай байдаг.
Нэгдүгээрт өмнө бидний ярьж байсан топ менежерийн шийдвэр гаргалтанд шаардагдах гурван чадварын аль нэг дутагдсан тохиолдолд түүнийг нөхөж орлуулах үүднээс зөвлөх авч ажиллуулдаг. Тухайлбал саяхан томилогдсон Гүйцэтгэх захирал өмнө нь олон жил тэр байгууллагыг удирдаж байсан хүнийг зөвлөхөөр ажиллуулах г.м
Хоёрдугаар тохиолдол нь байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, хэмжээтэй холбоотой. Тухайлбал жижиг байгууллагад төлөвлөлтийн хэлтэс нэгж, мэргэжилтэн гэж байхгүй байх тул тэд мэргэжлийн хүн эсвэл байгууллага хөлслөн зөвлөлгөө авдаг. Бас нөгөө талаар хэт том байгууллага байх нь стратеги тодорхойлох, стратеги төлөвлөлтийн талаар зөвлөлгөө авах зайлшгүй шаардлага бий болгодог тал бий.

ж/ Хувь хүртэгчдийн үүрэг
Энэ бүлэгт хувьцаа эзэмшигчид, хэрэглэгч–үйлчлүүлэгчид, бэлтгэн нийлэгчид, зээл авагчид, өрсөлдөгчид, ажилчид, ҮЭ, орон нутгийн удирдлага, Засгийн Газар г.м байгууллагын үйл ажиллагаа, гүйцэтгэлд анхаарал тавин сонирхож байдаг хувь хүн, бүлэг, албан газрууд ордог.
Хувь хүртэгч бүр байгууллагад өөрт нь ч юм уу, эсвэл үйл ажиллагаанд нь ямар нэг зүйл, хувь нэмэр оруулсан байх ба түүнээсээ шалтгаалаад байгууллагаас хүлээх ямар нэг хүлээлт бүгдээрэнд нь байдаг бөгөөд түүнээ ч тэд хүртдэг юм. Хүртэх хувийн хэлбэр хэмжээ нь тэдний өөрсдийн гол үйл ажиллагаанаас хамаарч янз бүр байдаг.

Зарим хувь хүртэгчдийн хүлээлтийг доор харуулав.

• Хэрэглэгчид хямд үнэ, сайн чанар–баталгаа
• Хувьцаа эзэмшигчид өндөр ноогдол ашиг
• Нийлүүлэгчид яаралтай төлбөр, шуурхай таталт
• Ажилчид өндөр цалин, ажлын аюулгүй байдал г.м

1 comment:

  1. Хэрэгтэй мэдээлэл нийтлэсэн Баянмөнхдөө баярлалаа.
    2011 онд компани бүрээс топ менежерүүд орсон баг стратегийн хурал хийж шинэчлэсэн стратеги хийх гэж хэсэг үзээд ерөнхийдөө дуусгалгүй орхисон.
    Одоо 2012 он гарахаас өмнө уул нь шинэ баг гаргаж байгаад хийвэл бидний ажилд ч, компанийн ирээдүйд ч хэрэгтэй юм даа.

    ReplyDelete