Дэлхийн толгой компаниудын нэг, 50 тэрбум доллараар үнэлэгддэг “Apple” корпорацийн экс Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхий захирал Стив Жобсын амьдрал, амжилтын замналын талаар танд сонирхуулъя.
Ирээдүйн тэрбумтан коланы шил түүж амь зогоон, сүмийн үнэгүй хоолоор “гэдэс гарч” явжээ. Олонх тэрбумтнуудын нэгэн адил уналт, сэргэн мандалт бас адал явдлаар дүүрэн амьдрал туулж ирсэн Стив Жобс 1955 оны 2 дугаар сарын 24-нд мэндэлсэн бөгөөд түүний өсвөр нас нь Сан Францискогийн 45-р өргөн чөлөөнд өнгөрчээ.
Төрөлхийн сэргэлэн, техник сэтгэлгээ сайтай Стив 16 настайдаа өөрөөсөө таван насаар ах Стив Возняктай танилцсанаар тэдний урт хугацааны нөхөрлөл бас бизнесийн түншлэл эхэлсэн юм. Стив ахлах сургуульд байхдаа Возняктай хамтран, телефон утасны шугамаар үнэгүй яриа хийж болдог цэнхэр хайрцаг хэмээх төхөөрөмж хийгээд /Blue Boxes/ зардаг байжээ.
1972 онд Калифорни мужийн Купертино хотын дунд сургуулийг төгсч, Ореган мужийн Портланд хотын Рийд коллежид санхүүгийн чиглэлээр суралцахаар элсчээ. Гэвч сонгосон анги, мэргэжил нь түүний сонирхлыг огтхон ч татахгүй байсан тул эхний улирлыг арай хийн дуусгаад, шууд сургуулиа хаясан байна. Дараа нь тэр найзынхаа гэрт толгой хоргодон амьдрахдаа коланы шил цуглуулахаас эхлээд “Алиса гайхамшгийн оронд” зохиолын баатруудын хувцас өмсөн дэлгүүрт зогсох зэргээр хоолны мөнгөө олж, амь зогоож байлаа. Заримдаа долоо хоногт нэг удаа болдог сvмийн үнэ төлбөргүй оройн хоолонд очиж “гэдэс гардаг” байжээ. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Тэр каллиграф буюу сайхан бичих урлагаар хичээллэдэг байсных нь үр шим гарч, “Мас” хувцасны брэндийн логог зохиосноор амьдралд нь жаахан ч гэсэн өөрчлөлт гарсан юм. Төрөлхийн сэргэлэн, техник сэтгэлгээ сайтай Стив 16 настайдаа өөрөөсөө таван насаар ах Стив Возняктай танилцсанаар тэдний урт хугацааны нөхөрлөл бас бизнесийн түншлэл эхэлсэн юм. Стив ахлах сургуульд байхдаа Возняктай хамтран, телефон утасны шугамаар үнэгүй яриа хийж болдог цэнхэр хайрцаг хэмээх төхөөрөмж хийгээд /Blue Boxes/ зардаг байжээ.
1974 оны намар Жобс Калифорнид эргэн ирж, Вознякын хамт компьютер санаачлагчдын клубт гишүүнээр элсэн, сургалтанд хамрагджээ. Мөн үеэс Энэтхэгийн шашны байгууллагад тусламж үзүүлэх зорилготой байгуулагдсан “Atari” хэмээх видео тоглоом үйлдвэрлэгч компанид техникчээр ажиллаж эхэлсэн юм.
Төдөлгүй Стив коллежийн найз Даниель Котлын хамт Энэтхэгийг зорьсон байна. Тэнд очоод Энэтхэгийн үндэсний хувцас өмсөн, үсээ хусаад Буддын шашны заншлын дагуу гэгээрэлд хүрэхээр бясалгал хийх болжээ. Тэрээр энэ үеийг өөрийнх нь амьдралд 3 чухал зүйл авчирсан хэмээн талархаж явдаг юм.
Хэсэг хугацааны дараа Жобс нутагтаа эргэн ирж, Вознякын хамт хуучин ажилдаа оржээ. Тэд “Break out” тоглоомын цахилгаан самбарыг хариуцан ажилахдаа хэлбэр хийцийг нь улам сайжруулж байжээ. Хачирхалтай нь “Atari” тэдний хөдөлмөр зүтгэлийг уландаа гишгэж, гэрээний дагуу өгөх ёстой 5000 ам.долларын оронд ердөө 700$ өгсөн байдаг.
Аpple computers төрсөн түүх буюу
Амжилтын жилүүд
Жобсын санаачилгаар Рональд Вайн, Стив Возняк мөн Интел компанид инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Майк Маркула нар хамтран “Apple” компанийг байгуулж, 1976 оны 4 дүгээр сарын 1-нд компаниа бүртгүүлжээ. Жобс алиманд нугасгүй нэгэн байж. Тиймээс ч компаниа ийн нэрлэсэн байж болох юм. Тус компаний анхны бүтээгдэхүүн нь Personal computer /PC/ юм. Тухайн үед персонал компьютер нь хэрэглэхэд түвэгтэй, овор хэмжээ ихтэй байсан тул олон нийтийн хэрэглээ болж чадахгvй байлаа. Харин Жобс хамтрагчаа товчлууртай гар, монитор бүхий цоо шинэ персонал компьютер бүтээхийг ятгасан байна. Үүнийг үйлдвэрлэхийн тулд найзууд өөрсдөдөө байсан хамгийн үнэтэй зүйлсээ зарж, эхлэлийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болжээ. Ингээд Жобс Вольксвагенаа, харин Возняк үнэтэй тооны машинаа зарж, хөдлөх хөрөнгөтэй болмогцоо Жобсын гаражийг шинжлэх ухааны лаборатори, vйлдвэрлэлийн цех болгон ашиглаж, бизнесээ эхэлжээ. Анхны бүтээлээ “Apple” хэмээн нэрлэж, орон нутгийн зах зээл дээр 666.66 ам.доллараар худалдаж эхлэв. Тэд олонх хүмүүсийн дургүй 666 гэсэн тооноос болгоомжлох нь бүү хэл харин ч маркетингийн зальжин арга болгон ашиглаж чадсан юм. Apple I-ийн дараа Apple II, мөн түүнчлэн анхны лазерийн принтер, компьютерийн программ хангамжийн DTP /Desktop Technology Publishing/ зэргийг зохион бүтээсэн нь амжилтанд хүрч, найзуудын бизнес цар хүрээгээ тэлсээр байв.
Apple компанийн уналтын он жилүүд
Apple дандаа дардан замаар явсангүй. Apple III, Lisa зэрэг бүтээгдэхүүнүүд нь зах зээл дээр бүтэлгүйтэж, Стив Возняк осолд орон, компаниас гарсан зэрэг олон азгvйтэл ар араасаа цуврав. 1980-аад оны эхээр Apple компанийн гол өрсөлдөгч IBM тухайн үед нэг их нэрд гараагүй байсан Microsoft компанийн DOS үйлдлийн системээр тоноглогдсон IBM персонал компьютер худалдаанд гаргажээ. Хэдэн жилийн дараа IBM-Microsoft компаниуд компьютерийн зах зээлийг бүрэн эзэгнэсэн бол зөвхөн мэргэжилтнүүдэд л зориулан, үнэтэй компьютер гаргадаг Apple компанийн зах зээл улам бvр багасч байв. Энэ олон бүтэлгүй явдлуудын “оргил” нь Жобс Apple-ийг орхих болсон явдал гэж хэлж болно. Бүхий л нөөц бололцоогоороо ажиллаж, дэлхий нийтийн анхаарлыг Apple-д татаж чадсан Жобс удирдах зөвлөлтэй таарамжгүй болсны улмаас 1988 оны гуравдугаар сард компаниа орхисон юм. Тиймээс өөрийн хариуцаж байсан Newton, Cyberdog, Opendoc зэрэг төслүүдээсээ ч татгалзах хэрэгтэй болжээ.
Стив ба Next computers
Стив “Аpple”-ээс гарсны дараа бас нэгэн компьютерийн компани шинээр байгуулан, түүнийгээ “Next computers” хэмээн нэрлэсэн байна. Next computers нь компьютер, түүний хэрэглэгдэхүүний зах зээлд хүч түрэн орж ирж байлаа. Мөн Interpersonal computer-ийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь хүмүүс хоорондоо хялбархан холб огдож, хамтран ажиллах боломжийг олгосноороо “Apple”-д байхдаа бүтээсэн PC-ээс давуу болж чадсан юм. Next computers нь Interpersonal computer-ийг бүтээх үедээ e-mail буюу цахим шууданг зохион бүтээсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний харилцаа холбоонд асар их үүрэг гүйцэтгэж байгааг бид мэднэ.
Стив Apple-д эргэн ирсэн нь
1996 онд Apple компани Next компанийг 429 сая ам.доллараар худалдаж авахаа мэдэгдсэн юм. Гэрээний гол зорилго нь Жобсыг Apple-д буцаан авчрах байлаа. Ийнхүү Жобс Apple-д эргэн ирснээр IBM компанийн бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх IMac, Ipod, Iphone шинэ бүтээгдэхүүнүүд ар араасаа гарч ирж, электрон барааны ертөнцөд ноёрхлоо тогтоогоод байгаа билээ. Apple мэргэжилтнүүдэд зориулсан үнэтэй компьютер бүтээдэг уламжлалаа өдгөө ч хадгалсаар байгаа бөгөөд $1000-аас дээш үнэтэй компьютерүүдийн 91 хувийг борлуулж байна. Apple групп электрон бараа, технологийн ертөнцөд цахиур хагалахаас гадна цахим ертөнцөд ч бас дээгүүр давхина. Apple.com сайт нь дэлхий дахинд хамгийн их хүн ханддаг топ 50 вэб сайтын нэг бөгөөд АНУ-даа ТОП 30-д багтдаг байна. Өдгөө Apple компани дэлхий даяар 35 мянга гаруй ажилтантай.
Жобс шинэ бүтээлүүдээ танилцуулахын тулд дээд зэрэглэлийн тансаг шоунуудыг маш амжилттай зохион байгуулж, тэр бvрт нь биечлэн оролцож байлаа. Тэрээр олон нийтийн хүсэл сонирхлыг маш соргог хүлээж авдаг мэдрэмжтэйгээс гадна өөрөө ч бас шинэ хэрэглээ бий болгож, бусдыг дагуулж чаддаг нь түүний амжилтын гол түлхүүр юм.
Стив Жобс АНУ-ын 46 дахь тэрбумтан
Apple-ийн нэгж хувьцааны үнэ 2001 онд $8 хүрэхгүй шахам байсан бол 2010 оны 4 сарын байдлаар $272 хүрчээ. Жобсын хувьд 2003 онд Apple-ийн 10 сая хувьцааг эзэмшиж байсан ч 2009 онд 5.426 сая хувьцаа эзэмших болжээ. Гэхдээ тэр Disneyland-ийн 138 сая хувьцааг эзэмшдэг юм. 2009 онд түүний цэвэр орлого 5.1 тэрбум ам.долларт хүрч, Америкийн 43 дахь тэрбумтнаар тодорсон юм. Мөн үед дэлхийн баячуудын жагсаалтанд 136 дугаарт бичигдэж байв. Тэрээр Билл Гейтс, Уорен Бафет нарын нэгэн адил хүмүүнлэгийн үйлсэд хөрөнгө их зарцуулдаг. 2006 оны байдлаар Индиана их сургууль болон бусад хүмүүнлэгийн үйл ажиллагаанд сая гаруй ам.доллар зарцуулсан байжээ.
Стивийн хувийн амьдрал болон имиж
Стивийн төрсөн эцэг Абдулфаттах Жандали нь Сири гаралтай, мусульман шашинтай хүн байжээ. Гэвч түүнийг бага байхад ээжээс нь салсан байна. Эцэг нэгтэй эмэгтэй дүү Мона Симпсон нь хожим алдартай зохиолч болсон юм. Стив Жобс, Лаурен нар 3 сарын 18-нд Yosemite National Park дахь Ahwahnee зочид буудалд гэрлэжээ. Цагаан хоолтон хосууд маань нэг хүү, гурван охинтой аж.
Имижийн хувьд “Atari”-д ажиллаж байх үедээ бохир заваан хэмээн адлагдан, шөнийн ээлж рүү хөөгдөж байсан Жобс хожим алдартай бизнесмэн болсон үедээ ихэвчлэн спорт маягаар хувцаслах дуртай байж. Түүний байнга өмсдөг хувцас нь St.Croix-ын хоолойтой цамц, Levi’s 501 хөх жинсэн өмд (өөрт нь 100 илүү байдаг), New Balance 992 пүүз. Бүр 14 /манайхаар 49/ размер шүү.
Технологийг бүтээсэн ч эрүүл мэндээ золиосолжээ
Бизнестээ хамаг анхаарлаа төвлөрүүлж ирсэн Стив эрүүл мэндээ төдийлөн хайхарсангүй. 2003 оны намар тэр нойр булчирхайн хавдартай гэдэг нь тогтоогдов. Энэ өвчин ихэнхдээ амь насанд аюултай ч Жобсын хувьд мэс засалд орж, эмчлэгдэж болохоор байлаа. Гэтэл тэр биедээ мэс хүргэхээс татгалзаж, тусгай хоол идэн, биеэ өөрөө эмчилнэ хэмээн зүтгэжээ. Хэн ч түүнийг ятгаж дийлсэнгүй. 9 сар өнгөрөхөд ямар ч үр дүн гарсангүй тул арга буюу эмч нарт итгэл хvлээлгэхээр шийдсэн байна. Мэс засал ч амжилттай болсон юм. Тухайн үед Apple-ийн удирдлагууд Ерөнхийлөгчийнхөө биеийн эрүүл мэндийн талаар олон нийтэд зарлаагүй.
Хэдийгээр нойр булчирхайгаа эмчилж чадсан ч элэг нь ажиллагаагүй болсон тул 2009 онд Теннесс мужийн Мемфис хотын эмнэлэгт элэг шилжүүлэн суулгуулсан байна. Гэсэн ч биеийн байдал нь төдий л сайжрахгүй байсаар энэ оны эхээр Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгчээ. Гэхдээ Ерөнхий захирлын албанд үлдэж, компанийн хөгжлийн чухал асуудлуудтай холбоотой шийдвэр гаргахад оролцох юм байна. Харин компанийн өдөр тутмын ажлыг шууд удирдах үүргийг урьд нь Жобсыг өвчтэй байх хооронд орлож байсан Тим Кук гардан авчээ.
No comments:
Post a Comment