Thomas Alva Edison (1-р хэсэг)

Томас Алва Эдисон (Thomas Alva Edison) нь ертөнцийн үнэнхүү агуу зохион бүтээгчдийн нэг билээ. Түүний бүтээлүүд нь орчин үеийн хэрэглээнд: шөнийн чимэглэлийн гэрэл, кино, утас холбоо, бичлэг, CD гээд л олон зүйлд шингэсэн байдаг.
Анхны гэрэлийн чийдэн (ламп)-г хийсэн нь түүний хамгийн түгсэн бүтээлийн нэг юм. Түүнийг төрөхөд цахилгаан хэрэглэдэггүй байсан бол насан эцэс болох үед хотууд бүхлээрээ цахилгааныг хэрэглэж байсанд Эдисоны оруулсан хувь нэмэр голлох үүрэгтэй.

Телефон утас гэх мэт түүний зарим бүтээл нь өөр бүтээлийг сайжруулсан байдаг бол гэрлийн чийдэн, прожектор зэрэг зарим бүтээлүүд нь цоо шинээр бодон гаргасан бүтээлүүд байжээ. Фонограф (пянз тоглуулагч болон пянзанд авиа бичигч гэж энгийнээр хэлье) гэх мэт санамсаргүйгээр олж нээсэн бүтээлүүд ч байдаг. Эдисон өөрөө бол бүтээлүүд дотороосоо фонографаараа хамгийн их бахархдаг байжээ.
Эдисон өнөөдрийн бидний нийгмийг өөрчилсөн олон бүтээлүүдийг хийсний заримыг нь цэвэр өөрөө нээсэн бол заримыг бусадтай хамтран нээсэн байдаг. Өнөөдөр түүний олон бүтээлийг ямар нэг дам байдлаар хүн бүр хэрэглэсээр байдаг. Эдисон өөрийн бүхий л амьдралынхаа турш жирийн хэн ч хэрэглэж болох бүтээлийг хийхийг зорьж ажиллаж иржээ.
Эдисон дэлхийд анх удаа зөвхөн “зохион бүтээх” ажлыг хийдэг үйлдвэрийг нээсэн юм. Энд тэр нөхдийнхөө хамтаар шинэ шинэ бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээж байсан нь цоо шинэ бизнесын төрөл байсан юм. Өнөөдөр ч Эдисоны энэхүү зохион бүтээх үйлдвэрийн зохиомжийг олон бизнесүүд хуулж хэрэглэдэг.
Эдисоноос түүний нэгэн бизнес хамтрагч нь бизнесийнх нь амжилтын талаар асуухад: “Авъяас гэдэг шаргуу хөдөлмөр, уйгагүй чанар, жирийн мэдрэмж” гэж хэлсэн гэдэг. Гэвч Эдисоны өөрийн нь жирийн мэдрэмж нь эгэл бус байжээ. Эдисоны нэрээр бүртгүүлсэн патентын тоо нь Америкийн түүхэнд хувь хүний амжилтаар одоо ч ноёлсоор байна.

Бага нас

Эдисон 1847 оны 2 сарын 11-нд АНУ-н Охайо дүүрэгийн Милан хотод төржээ. Эдисон аав Самуэль Эдисон, ээж Нэнси Элиот Эдисон нарын 7 дахь буюу отгон хүүхэд болон мэндэлжээ. Түүний ээж аав нь механик болон техникийн ямар нэг мэргэшилгүй байжээ. Ээж нь сургуулийн эгэл нэгэн багш байсан бол аав нь харин худалдаачин хүн байсан бөгөөд ногооны мухлагаас авахуулаад үл хөдлөх хөрөнгийн наймаа хүртэл төрөл бүрийн худалдаа наймаа хийдэг байлаа.
Томас Эдисоныг 7 настай байхад түүний гэр нь Мичиган дүүрэгийн Порт Хюүрон хотруу нүүжээ.
Эдисон багадаа маш сониуч, маш их асуулт асуудаг хүүхэд байсан байна.

Боловсрол

Эдисон Порт Хүрон хотын бусад хүүхдүүдийн нэгэж ижилээр 7 настайдаа сургуульд элсэн оржээ. Түүний багш Реверэнд Ж.Б Энгль нь Эдисоныг маанаг сурагч байна гэж бодож байжээ. Ялангуяа Эдисон математикийн хичээлд дургүй байв. Дээрээс нь элдэв олон асуулт асуудаг байж. Харин түүний багш нь олон асуулт асуудаг хүүхдэд дургүй байв. Сургууль эхэлснээс 3 сарын дараа багш нь Эдисоныг дуудан загнаж муудалцсан бөгөөд Эдисон гэртээ ирж энэ талаар сүр дуулиан болж улмаар дараагийн өдөр нь ээж нь хамт сургууль дээр нь ирж багштай нь уулзжээ. Гэвч байдал улам муугаар эргэж багш нь Эдисоныг сурч чаддаггүй гэсэн яриа болж багшийн энэ байдалд эгдүүцсэн ээж нь түүнтэй ам мурийв. Ингээд ээж нь түүнийг сургуулиас нь гаргаж гэрээр сургах болжээ. Энэ явдлаас хойш 2 ч удаа сургуульд явсан боловч аль нь ч олигтой амжилтанд хүрээгүй юм. Иймээс түүний хүүхэд насны сургууль нь үндсэндүү гэр нь байжээ.

Эдисон унших дуртай байсан

Эдисоны эцэг эх нь хоёулаа унших дуртай хүмүүс байжээ. Тиймээс эцэг эх нь түүнд сайн уран зохиол болон түүхийн бүтээлүүдийг уншиж өгдөг байв. Залуу хөвүүн Эдисон шунан дурлахуйц маш олон ном тэднийд байдаг байв. 12 нас хүрээгүй байхдаа Дикенс, Шекспир гэх мэт алдарт зохиолууд, Эдвард Гиббонсын Ромын эзэнт гүрний мөхөл зэрэг олон зохиолуудыг амтархан уншдаг байв.
Түүний ээж нь сониуч хүүгээ өөрөө бие даан суралцахыг нь ихэд дэмждэг байлаа. Түүний ээж аав нь хүүдээ хичээл заахад анхаарч хүүгийнхээ сурахыг хүсэхгүй байгаа зүйлийг нь заадаггүй байв. Тиймээс тэр өөртөө илүү сонирхолтой байгаа зүйлийг л сурдаг байлаа. Эдисоныг 9 настай байхад нь ээж нь түүнд шинжлэх ухааны хялбар ном авч өгчээ. Энэ номонд химийн туршилтыг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар тайлбарласан байв. Эдисон номон дахь бүх туршилтыг хийж эхэлжээ. Ээж нь энэ сонирхолын дагууд нь шинжлэх ухааны өшөө олон номууд авч өгч байлаа. Эдисон улмаар химид маш дур сонирхолтой болж өөрт олдсон мөнгө бүрээ эмийн дэлгүүрээс химийн бодис авахад зарцуулдаг болж эхэлжээ. Тэрээр шилэн лонх, төмөр утас гэх мэт туршлаганд шаардлагатай элдэв зүйлийг цуглуулах болжээ.
Ингээд 10 настайдаа тэрээр гэрийнхээ подвалд өөрийнхөө анхны туршилтын лабораторио нээжээ. Харин аав нь түүнийг подвалд хамаг цагаа өнгөрөөхийг зөвшөөрдөггүй байлаа. Аав нь бүр подвалд цаг өнгөрөөхөө больж ном уншихаар бол мөнгө өгөх санал хүртэл тавьдаг байв. Гэтэл Эдисон өгсөн мөнгийг нь химийн бодисууд авч лабораторидаа цагийг өнгөрөөсөөр байв. Тэрээр химийн бодистой бүх лонхон дээрээ “Хор” хэмээн бичдэг байв.

Эхний ажил

Эдисон 12 насандаа Гранд Транк төмөр замд төмөр замчин хүүгээр ажилд оржээ. Вагон түүний амьдарч байсан Порт Хюроноос Детройт хүрээд буцаад ирэх ээлжийг өдөр бүр хийдэг байв. Эдисон энэ ээлжийн туршид сонин болон чихэр борлуулах ажлыг хийдэг байжээ. Мөн үүнийг зэрэгцээ долоо хоног тутамын Weekly Herald сонинг хэвлэх ажлыг хийдэг байв. Ингээд авсан цалингаар бүгдийг ном болон өөрийн химийн лабораторитоо шинэ багаж төхөөрөмж авахад зориулдаг байжээ.
Ингээд жил ажилласны эцэст өөрийн химийн лабораторийг вагоны ачааны хэсэгт авч ирэх зөвшөөрөл авсны үр дүнд Детройт дээр 5 цаг зогсох хугацаанд туршилтаа хийх боломжоор хангагджээ. Гэвч харамсалтай нь нэг удаагийн вагоны сэгсрэлтэд бодисууд нь асгарч улмаар гал гарчээ. Үүний улмаас тэр өөрийн лабораторийн хамтаар ажлаасаа хөөгдөв. Гэвч тэр сонин зарах ажлаа вагоны өртөөнүүд дээгүүр үргэлжлүүлсээр байжээ.

Чихний асуудал

Тэр вагон руу үсэрч суух гэж байхад нь кондуктор түүнийг татах гээд чихнээс нь татаж орхиж. Яг л толгой дотороос нь ямар нэг зүйл сугалаад авах мэт болж түүнээс хойш сонсгол муутай болсон аж. Хагалгаагаар эмчлэгдэх боломжтой байсан боловч өөрөө татгалзаж дүлий байх явдал нь анхаарал төвлөрүүхэд сайн талтай хэмээдэг байжээ.
Нэлээд нас ахимаг болсон хойноо дүлий байх явдал нь намайг ном унших явдал руу ороход түлхэц болсон хэмээн дурьдаж байжээ. Детройт номын санд үнэгүй үйлчлүүлдэг эрх олоход нь ч энэ нь тусалсан бөгөөд тэр номын сангийн тавиур хооронд л цагийг өнгөрүүлж унших эрхээ бүрэн ашиглаж байсан гэдэг.
Түүний хамгийн унших дуртай номууд нь цахилгаан, механик, химийн шинжилгээ, үйлдвэрлэл, технологийн номууд байжээ. Ийнхүү энэ чиглэлийн номуудыг уншсаар өөрийн ирээдүйг юмс хэрхэн ажилладагийг сурж судлаад зогсолгүй хийж бүтээх явдал хэмээн ухаарсан байна.

Анхны бүтээл

Эдисоныг төрөхөөс 9 жилийн өмнө Самуэл Ф.Б. Морз төрсөн байсан бөгөөд телеграфыг зохион бүтээж амьдралд хэрэгжүүлээд байсан үе юм. Эдисон ч сайн морзчин болохыг хүсдэг байлаа. Харин нэгэн өдөр түүний амьдралыг өөрчилсөн нэгэн онцгой үйл явдал болсон нь тэр төмөр замын өртөөний нэгэн ажилтны хүүхдийн амийг аварсан явдал байлаа. Ирж буй вагонд дайруулах гэж байгаа бяцхан хүүгийн амийг аварсны ач тусыг талархсан ажилтан аав түүнд морзийг зааж өгчээ. Эдисон морзийг сураад хаягдал төмрүүдийг ашиглан морз дамжуулах төхөөрөмжийг өөрөө урлан бүтээж морз кодоор хичээллэсээр байв.
Ингээд 16 насандаа Канадийн Торонто хотод ирж цахилгаан холбоочны туслах болж морзчин болов. Түүний ажил нь цаг тутамд Торонтод тайлан мэдээлэх ажил байлаа. Харин энэ түүний хувьд цаг барсан ажил санагдсан тул түүнийг унтаж байхад ч ажиллаж байх цахилгаан мэдээг дамжуулах, хүлээж авах багажийг зохион бүтээсэн байна. Харин түүний дарга нь түүнийг ажил дээрээ унтаж байхыг олоод тухайн үедээ ажлаас нь халах дээрээ тулж байжээ.

No comments:

Post a Comment