Хөрөнгө оруулагчид сайн засаглалтай компанид итгэдэг

Компанийн засаглал гэдэг манай улсын хувьд шинэ нэр томъёо. Онолын тодорхойлолтуудаас илүү онож хэлсэн энгийн зүйрлэл сэтгэлд ойр буудаг болохоор энгийнээр тайлбарлах гээд үзье. Компанийн засаглал, сайн засаглалтай компани гэж ямар компанийг хэлэх вэ.

Ашиг олж байгаа ялгаагүй хоёр компанийг харьцуулж компанийн засаглалыг тайлбарласан нь бий. Эхний компани нь тасралтгүй нэмэгдэж байгаа ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ хуваарилдаггүй, мэдээллийн хувьд хаалттай, хувьцаа эзэмшигчдийнх нь хувьд хөрөнгө оруулсан мөнгөнийхөө ашгийг хүртэж эхлээгүй байхад компанийн удирдлага нь үнэтэй машин унаж, брэндийн хувцсаар дэгжирхэж, үнэтэй ресторануудад үдийн хоолоо иддэг. Нэр төрөө өсгөх элдэв PR-т мөнгө цацаад, халамжийн газрын хүүхдүүдэд хэдэн бэлэг тарааснаа "энэ бол манай компанийн нийгмийн хариуцлага" гэж зарлаад явдаг захирлууд нийтлэг ажиглагдах гээд байдаг.
Тэгвэл энэ компани компанийн засаглалгүй гэсэн ангилалд багтана. Учир нь "Хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, тэдгээртэй адил тэгш харьцах зарчим, мэдээллийн ил тод байдал, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцоо болон компанийн удирдлагын зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэх гэсэн гол зарчимд компанийн засаглал тулгуурладаг" гэсэн оносон тодорхойлолт бий.

Тэгвэл сайн засаглалтай компанийг танихад амархан. Компанийг сайн удирдаж байгаа эсэхийг юуны өмнө борлуулалт нэмэгдэж, ашиг өсөж байгаа эсэхээр дүгнэдэг. Мэдээж ашигтай ажиллана, сайн удирдана. Хувьцаа эзэмшигч, мөнгө зээлдүүлэгч банк, харилцагчид, ажилчид гээд үйл ажиллагаанд нь оролцож байгаа бүх хүмүүсийнхээ эрх ашгийг дээдэлдэг компанийн хувьд "компанийн засаглалтай" гэсэн тодотголд илүү хамаарна.

Өөрөөр хэлбэл энэ компани бол компанийн саин засаглалтай гэсэн үг. Хариуцлага сахилгыг эрхэмлэдэг Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагатай ийм компани олон байвал нийгэмд эдийн засгийн нээлттэй бөгөөд тогтвортой орчин бий болдог сайн талтай. Мэдээж ийм орчинтой улсын хувьд олон давуу тал бий болдог. Хөрөнгө чөлөөтэй урсаж эдийн засгийн хөдөлгүүрт хөшүүрэг болж чадна гэж нэг илтгэлд онцолсон байсан. Бидний өнөөдөр хүсч зориод байгаа гадны ашигтай хөрөнгө оруулалт ч эндээс эхтэй. Компаниуд нь хариуцлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчмуудыг ягштал барьдаг бол хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлгүй гэсэн итгэл төрдөг. Ямар ч хөрөнгө оруулагчид эрсдлээ хамгийн түрүүнд боддог билээ.

Тэгвэл яаж компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, яг юу нь илүү чухал юм бол гэсэн асуулт тавигдаж таарна. Мэдээж хамгийн эхний чухал хүчин зүйл нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах. Дараагийн хүчин зүйл нь чадварлаг багийг бүрдүүлэх. Харин гурав дахь хүчин зүйлийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөл байгууллагынхаа бүтэц зохион байгуулалтыг шинжилж, захирлуудынхаа чадварыг тодорхойлох хэрэгтэй гэж үздэг.

Дотоодын хэрэгцээгээ ингэж тодорхойлж байж сайн засаглалын суурь бүрдэнэ. За тэгээд хувь эзэмшигчдийнхээ эрх ашгийг дээдэлж, ашиг сонирхлыг нь харгалзах, сайн төлөвлөлт, Төлөөлөн удирдах зөвлөл, удирдлага хоёрын хооронд байх тодорхой зааг, удирдлагын цалин хөлсний талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн мэдрэмж, компанийн үнэт зүилийг дээдэлсэн, тэр чанараараа үлгэр болсон удирдлага гээд компанийн сайн засаглалын шалтгаан үндэс сууриуд олон.

Харин манай улсын компаниудын хувьд хэр сайн засаглалтай вэ гэдэг асуулт хариултыг нь хайх учиртай хамгийн чухал асуулт гэдэг нь эргэлзээгүй. Компаниуд нийгмийн хариуцлага гэх нэрийн дор олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэдгээр үйл ажиллагаанаас урт хугацааны үр дүнтэй, нийгэмд жинхэнэ утгаараа нөлөөлж байгаа нь ховор санагддаг. Асрамжийн газрын өнчин хүүхдүүдэд хүүхдийн баяраар бэлэг тараахыг нийгмийн хариуцлага гэж нэрлэхгүй. Амьжиргааны төвшин доогуур өрхиин нэг сарын хүнсний хэрэглээг даах нь нийгмийн хариуцлага бүр ч биш.

Энэ нь харин ч эргээд нийгэмдээ бэлэнчлэх, ядуу хэвээр байж тэтгүүлэх гэсэн сөрөг хандлагыг үүсгэдэг. Телевизээр гарч, сонин дээр бичүүлсэн л бол гүйцээ, тэр айл дараа нь хүнстэй байх үгүй нь хамаагүй гэсэн хандлагыг нийгмийн хариуцлага гэж хэлэхэд хэцүү. Харин Мобиком зэрэг томоохон компаниуд нийгмийн хариуцлагын шинжтэй томоохон үйл ажиллагаа зохиож эхэлснийг дурдах хэрэгтэй байх. Жил гаруйн өмнө санагдаж байна. "Мобиком" нийгэмд хэрэгтэй ямар ажил хийх вэ гэсэн санал асуулгыг олон нийтээс асууж байсан.

Тодруулж хэлбэл санал асуулга явуулсан. Тэгээд хүүхдийн ордон ч билүү, залуу зохион бүтээгчдийн ордон ч билүү нэг санаа шалгарч байсан санагдаж байна. Удахгүй тэр ажил биеллээ олох биз. Биелснийхээ дараа үр өгөөж нь өчнөөн жилээр гарах ийм санаачлага, тийм ажлыг нийгмийн хариуцлага гэж нэрлэвэл үнэнд илүү ойртоно.

Ил тод байх зарчим манай компаниудын хувьд үйлчилдэггүй гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. 2009 оны статистик сөхье. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 350 компаниас 42 нь л санхүүгийн тайлангаа дэлгэсэн байж. Нэг ч компани жилийн тайлангаа хувь нийлүүлэгч нартаа өгөөгүй гэсэн дүн гарсан нь нэгийг хэлээд байх шиг. 2009 оны сүүлээр биржид бүтгэлтэй компаниудын 99 нь Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн дүрмийн шаардлагыг хангасан гэсэн дүн гарчээ. Компанийн засаглалыг дүгнэхээр л сэжим.

Манайхан бараа шахах гэж ярьдаг даа. Компанидаа өөрийн эрх ашгийн үүднээс хандах. Компанийн гол хүмүүс нэгдэж ажиллаж байгаа газраасаа хулгай хийдэг гэмээр юм уу. Интернэтэд байсан нэг мэдээлэл анхаарал татмаар сонирхолтой, яг л өнөөдрийн нийгмийн загатнасан газар маажсан жишээ олонтой байсан. Тэр нийтлэлд энэ чиглэлээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргыг онцолсон байсан. Тухайн албан тушаалтны хэн нэг ойр дотны хүн шинэ компани байгуулна. Тэгээд тухайн компанид бараа нийлүүлэх урт хугацааны эрх авна. Барааны мөнгө шинээр байгуулагдсан компанийн захирал, мөнгө төлсөн компанийн захирал хоёрт эн тэнцүү хуваагдана. Азийн орнуудад өргөн дэлгэрсэн энэ арга манайд бол үзэгдэл болсон.

Компанийн засаглал гэдэг манайд шинэ ойлголт гэж өмнө хэлсэн. Тэгэхээр дөнгөж эхэлж байгаа гэдэг утгаараа бидэнд олон алдаа бий. Энэ талаар түлхүү ярьж, ихийг сэдэх тусам энэ засаглал улам төгс болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ анхаарал татсан нэг том асуудал бий. Тэр нь сэтгэлгээ. Өөрчлөгдөхдөө хамгийн их хугацаа шаарддаг зүйл. Зарим онолчид үе солигдож байж сэтгэлгээ өөрчлөгдөнө гэж үзэх нь ч бий. Тэгэхээр хамгийн их анхаарал хандуулах зүйл бол сэтгэлгээг өөрчлөх.

Цаашлуулж яривал хүний ёс зүйтэй ч холбоотой асуудал. Нийгэмшсэн хүний ёс зүй. Аав, ээждээ худлаа хэлж аргацаасан маягаар өссөн хүүхэд нийгэмдээ, ажиллаж байгаа компанидаа тэгж л хандана. Ингээд бодохоор компанийн засаглалын үзүүрийг ямар нэг онол, жишиг гэхээс илүү хүнээ ёс зүйтэй байлгах, сэтгэлгээнд нь өөрчлөлт оруулах тэр зүгээс хайх хэрэгтэй юм шиг.

Бүх л талын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг сайн засаглалтай компанийн зах зээлийн нэр хүнд сайн байдаг. Мөн хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чаддаг. Сайн засаглал санхүүжилт татдаг. Ажилчдыг тогтвортой ажиллуулдаг. Ингэснээрээ тогтвортой, ашигтай ажиллах гэрэлтэй ирээдүйг бүрдүүлж чаддаг. Ийм компани олноор бий болбол улс орны эдийн засаг тэр хэрээр өргөжинө.

Компанийн сайн засаглалаас улсын хөгжил эхтэй. Тэгэхээр хамгийн их анхаарах асуудал бол компанийн сайн засаглал гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.

No comments:

Post a Comment