Enterprice resource planing - ERP системийн тухай ерөнхий ойлголт

Орчин үеийн ERP систем нь компанийн талаарх нийт мэдээллийг харахын тулд байгууллагын энгийн мэдээллийн баазыг зөвхөн хэдэн хэлтсүүдийг ч бус, олон салбаруудыг нэгтгэх зорилгоор ашигладаг. Ингэснээр ERP систем нь байгууллагын санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, маркетинг зэрэг бизнесийн үйл ажиллагааг нь илүү зохион байгуулалттай, ашигтай явуулах боломж олгоно.
Сүүлийн үед ERP-зах зээл дэх хамгийн том өөрчлөлт нь компаниудын шаардлагад илүү нийцэж, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой болсон байна. Түүнчлэн програм хангамжийн компаниуд ERP шийдлийг хэрэглэхэд илүү хялбар, энгийн ажиллагаатай, элдэв янзын олон тохиргоо хийх явдлыг багасгасан байна.

Түүнээс гадна хэрэглэгчид зах зээлийн өөрчлөлтөнд илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх боломж олгохын тулд програм хангамжийн компаниуд системийг илүү хөдөлгөөнтэй, өөрөөр хэлбэл уян хатан болгох арга замыг хайж байна. Мөн ERP системийг ашигладаг ихэнх компаниуд тухайн шийдлээс илүү их бизнесийн үр өгөөж хүртэхийг хүсч байна.
Програм хангамжийн шийдэл нь байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн, онцлогт нь тохирч ажиллах ёстой. Хэрэв үнэхээр зөв програм сонгож чадвал маш цөөхөн шинэчлэлт, сайжруулалт хийх хэрэгтэй. Ихэнх компаниуд ERP системийн онцлог шинжүүдийг судалж байж аль програмыг авах шийдвэрээ гаргадаг. Ихэнх ERP шийдлийн хувьд модулиуд нь адил байх боловч тэдгээр модулиудын онцлог, асуудал шийдвэрлэх байдал нь эрс тэс ялгаатай байдаг. Ерөнхийдөө ERP системийн үндсэн модульд дараах зүйлс орно:
  1. BI - Business Intelligence
  2. CRM - Харилцагчийн удирдлагын систем
  3. Financial management - Санхүү, нягтлан бодох бүртгэл
  4. HRMS - Хүний нөөц, удирдлагын систем
  5. Manufacturing operations - Үйлдвэрлэл
  6. SCM - Захиалга, нийлүүлэлт
Дээрхээс гадна бусад олон төрлийн шийдэл байх бөгөөд байгууллагууд яг аль шийдэл тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагаанд нь тохирохыг оновчтой сонгох хэрэгтэй. Зөв сонголт хийж чадвал уг шийдэл нь байгууллагын тань эрхэм зорилго, хэтийн төлөвт маш том хөрөнгө оруулалт болох болно.
ERP бидэнд хэрэгтэй зүйл мөн үү?
Ихэнх байгууллагын хувьд ERP систем маш том боломжийг олгодог бөгөөд орлогоо нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлж, ашигт ажиллагаагаа сайжруулж, зардлаа зөв зохион байгуулахад нь тусалдаг.  ERP систем нь санхүү, үйлдвэрлэл, хүний нөөц, борлуулалт зэрэг хоорондоо ялгаатай олон системүүдийг нэгтгэнэ. Системийн боловсруулах төрөл бүрийн мэдээллийн тусламжтай хэрэглэгчид байгууллагынхаа зорилт, стратегитай холбоотой бүхий л шийдвэрийг илүү хялбар, оновчтой байдлаар гаргах боломжтой.
Өнөөдөр бараг бүх байгууллага, компаниуд ERP системийг ашиглаж байна. Ашиг орлого нь нэмэгдэх тусам уг системийн хэрэгцээ шаардлага улам бүр ихэсч, зарим байгууллагууд хуучирсан ERP системээ шинээр сольж, харин зарим нь цоо шинээр уг шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.
ERP систем нь нэгэнт ашиг тустай гэдэг нь тодорхой болсон тул, энэ нь өөрөө худалдан авагчдын зах зээл болоод байна. Тухайн системийг хэрэглэгч компаниуд мэдээж анх жижиг байгууллага байсан бол одоо харин үйл ажиллагаа нь өргөжиж, хэмжээ нь томорсон байгаа. Иймээс тэдэнд илүү олон програм хангамжийн шийдэл үгүйлэгдэж, бизнесийн үйл ажиллагаагаа жигдрүүлэх шаардлага гарч байна.
Компаниудын хувьд тухайн салбар дээрх өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байгаа. Дэлхийд судалгаагаараа тэргүүлэгч Абердин группын хийсэн судалгаагаар өргөн хэрэглээний барааны бизнес эрхлэгчид заавар журам, тайлагналын шаардлагад анхаарлаа хандуулдаг бол олон нийтийн байгууллагууд харилцагчаа тогтоох тал дээр санаа зовж, харин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хэрэгцээ тал дээр анхаардаг байна. Харин чанартай ERP багц систем нь дээрх асуудлуудыг бүгдийг нь авч үзнэ.
Абердин группын дунд болон том хэмжээний байгууллагуудын дунд 2006 онд явуулсан “2006 оны ERP” нэртэй судалгаагаар нийт судалгаанд оролцсон төрөл бүрийн салбарын 500 гаруй байгууллагаас ердөө 6% нь л ERP систем ашигладаггүй болохыг тогтоожээ.
Түүнчлэн судалгаанд оролцогсдын 35% нь ERP системээ 10 жил ашигласан, 38% нь 5-10 жил ашигласан, харин үлдсэн хувь нь дөнгөж уг системийг ашиглаж эхэлж байсан байна. Өнөөдрийн түвшинд ERP систем нь асар хурдацтай хөгжиж байгаа учир ихэнх байгууллагууд илүү сайн систем эрэлхийлж байна.
Үүнээс гадна дээрх судалгаанд оролцогсдын 42% нь ERP багцын 2 ба түүнээс дээш системтэй, 16% нь 3 ба түүнээс дээш системтэй байсан байна.
Харин 2007 онд явуулсан “2007 оны ERP” судалгаагаар Абердин групп програмын шинэчлэлт, хөгжүүлэлтийн талаар авч үзжээ. 1 жилийн дараа байгууллагуудын 9% нь одоогийн ашиглаж байгаа ERP системээ солихоор төлөвлөсөн бол, 2 жилийн дараа 14% нь, 3 жилийн дараа 25% нь солихоор төлөвлөсөн байсан байна.
Мөн түүнчлэн одоогийн ашиглаж байгаа системээ яагаад солих болсон шалтгааныг нь судалж үзэхэд, 46% нь илүү боломжууд, функцууд хэрэгтэй, 39% нь хуучирсан, болхи системээсээ залхаж байгаа, 37% нь олон улсын шаардлагыг хангах стандарт систем хэрэгтэй гэж хариулсан байна.
Програм хангамжийн компаниудын харилцагчдын төлөөх өрсөлдөөн улам бүр эрчимжиж, тэд хэрэглэгчид аль болох тохиромжтой, хэрэглэхэд хялбар, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, үнийн хувьд ч боломжийн шийдэл гаргахаар зорьж байна.
Энэхүү зөвлөмжийн тусламжтай та ERP системийг ашигласнаар байгууллагад ямар ашиг тус авчрах, програм хангамж ашиглахын өмнө юуг мэдсэн байх шаардлагатайг олж мэдэх болно.
Хэдийгээр програм хангамжийн байгууллагууд бүтээгдэхүүнийхээ боломж, функцуудыг нэмсээр байгаа боловч гол технологи нь шинэ зүйл биш юм.

No comments:

Post a Comment