Сонсож сурах дүрэм

Профессор Кит Дэвис үр бүтээлчээр сонсож сурахад мөрдөх 10 зүйл бүхий дүрмийг санал болгосон байдаг. Та эдгээр дүрмийн зүйл бүрийг уншиж танилцаад дараа нь хэсэг хугацаанд завсарлаж, эрэгцүүлэн тунгаан бодоорой. Тэр хоорондоо тодорхой сайн таних хүнтэйгээ ярилцаж байна хэмээн төсөөлж, тэр бүхнийг хэрхэн яаж хэрэглэх тухайгаа бодож цэгнэгтүн! Ингэж алхам алхмаар урагшлах замаар та амжилтанд хүрч чадна. 

1. Өөрөө ярих гэдэг бодлыг бүрэн орхигтүн!  
Хүнийг өөрөө ярих байдлаар сонсох боломж хэзээ ч гардаггүй гэдгийг анхаараарай. Полони (Хамлет жүжиг): ”Хүн нэг бүр лүү чихээ сонордуулж, хэнд ч дуу хоолойгоо бүү сонсгогтун” гэж хэлснийг энэ удаад та хатуу мөрдөж ажиллаарай.

2. Таны өмнө ярьж байгаа хүн бүрэн чөлөөтэй байхад туслаарай! 
Хүмүүст эрх чөлөөг мэдрэх боломж олгох нь харилцаанд нэн чухал үүрэгтэй. Үүнийг сэтгэл судлалд эелдэг, харилцан ойлголцсон, зөвшөөрөн хүлээх уур амьсгал бий болгох үйл явцтай гол төлөв холбон ойлгодог.

3. Та тэр хүндээ сонсоход бэлэн байгаагаа мэдрүүлэхийг хичээгээрэй. 
Үүний тулд эхлээд маш анхааралтай сонсож байгаагаа гадаад байдлаараа мэдрүүлж, үйлдэл хөдөлгөөн чинь бүх талаар сонсохын төлөө байвал сайн. Хэн нэг хүн аль нэг зүйлийн тухай ярьж байгаа үед ном, сонин уншиж ердөө ч болохгүй. Сонсож байгаагийн гол зорилго нь тэр хүний санааг бүрэн ойлгоход л чиглэж байдаг. Харин ямар нэг байдлаар эсэргүүцэх, сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх, хувийн бодолдоо баригдах зэрэг нь энд огт хамаагүй гэдгийг хатуу санаарай.

4. Хүнийг таагүй байдалд оруулж байгаа аливаа зүйлийг засан залруулж байх. Энэ нь таны жинхэнээр идэвхитэй сонсож байгаагийн нэг баталгаа болж өгнө. Юм зурж эрээчих, ширээ тогших, бичиг цаас эргүүлэх гэхчлэн ямар нэг өөр үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. Магадгүй, өөр нэг зүйлээс болоод хүмүүсийн анхаарал сарниад байгаа үед хаалгаа гүйцэд хааж орхивол тэдэнд илүү үр нөлөөтэй сонсох боломж бүрдэж, тасалгааны доторх уур амьсгалыг сайнаар өөрчилж мэдэх юм.

5. Ярьж байгаа хүнийг сэтгэлээрээ дэмжиж байх нь чухал. 
Үүний тулд тэр хүний байран дээр өөрийгөө тавьж үзэх, нөхцөл байдлыг сэтгэлдээ ургуулан төсөөлж сурах хэрэгтэй болно.

6. Маш их тэвчээртэй уян хатан байж сурагтун! 
 Болхи аргаар цаг хэмнэхийг хэзээ ч бүү хичээгээрэй. Тийм зантай хүмүүс гол төлөв өөртөө хүндрэл авчирдаг. Ер нь харилцааны ур чадвар султай хүмүүс хүнийг сонсох ямарч хүсэлгүй байгаагаа гадна байдлаараа хялбархан илэрхийлж харагддаг. Хүний яриаг ямар ч нөхцөлд тасалж болохгүй. Хүн ярьж байгаа үед хэзээ ч хаалга руу харах, чиглэж алхах, яриаг орхиж гарах юмсан гэсэн бодол сэтгэлдээ агуулж болохгүй!

 7. Огцом түргэн зангаа барьж хазаарлаж сурах нь чухал. 
 Ууртай, хэрээс хэтэрсэн омогтой хүний үг яриа огт өөр утгатай болж хувирдагийг санагтун. Харилцаа, тэр дундаа бие хүн хоорондын харилцаа цаг ямагт эелдэг, найсаг уур амьсгалыг бүрдүүлж чадах эсэхээс шалтгаалдаг болохыг анхаарагтун.

8. Яриа дуусаагүй шахам байхад яаран шүүмжлэл өрнүүлэх нь зохисгүй. 
 Энэ нь ярьж байгаа хүн өөрийгөө хамгаалах гэж таагүй байдалд орох, дуугаа хураах юм уу уурлаж уцаарлах, хэтэрхий эрээ цээргүй зан гаргасан учраас голдоо ортол гомдоход хүргэж болзошгүй.

 9. Асуулт асуух нь чухал.  
Харин ямар асуулт тавьж байгаа чинь таны хэрхэн сонссоныг харуулдаг болохыг анхаараарай. Ийм үйлдэл ярьж байгаа хүний урмыг сэргээж, та анхааралтай сонссон гэдгийг баталж өгдөгөөрөө чухал юм.

10. Дахин анхааруулахад өөрөө ярих тухай бүрэн мартагтун!  
Энэ дүрэм эхэнд ч төгсгөлд ч байгаагийн учир нь сонсож сурах эсэх нь эцсийн дүндээ үүнээс хамаардагийг гэрчилдэг.

Байгаль хүнд 2 чих , нэг ам, заяасан нь бага ярьж, илүү их сонсож байхыг анхааруулсан хэрэг гэж эрдэмтэд үздэг. Сонсож сурахын тулд 2 чих хоёулаа идвэхтэй ажиллаж байх учиртай. Нэг чихнийхээ сувгаар ярианы утга агуулгыг сонсож авахын хамт нөгөөгөөр нь ярьж байгаа хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийн байдлыг тусгаж авч сурвал бүр сайн. Бусдыг төдийлөн анхааралтай сонсож сураагүй хүмүүс нухацтай шийдвэр гаргахад шаардагдах өчүүхэн бага мэдээлэлтэй хоцрохоос гадна өөрийнхөө “тогоонд” л чанагдсаар цагийг бардаг.

Өөрийн сонсох чадварыг сайжруулахын тулд хүмүүстэй ярилцсаны дараа сонсох чадвараа ямагт үнэлэн дүгнэж сурах шаардлагатай. Юуны өмнө эдгээр 10 дүрмээс алийг нь сайн мөрдөж ажиллав гэдгээ мэдэж авах нь нэн тустай. Ингээд дутуугаа гүйцээх байдлаар дараа дараагийн сонсох үйл явцаа зохион байгуулах хэрэгтэй болно. Та одоо яаралгүй бас алгуурлалгүй ажиллах л үлдлээ.

No comments:

Post a Comment